2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮР2Зургаа дахь Ерөнхийлөгчийн БҮРЭН ЭРХ ба ҮҮРЭГ

Зургаа дахь Ерөнхийлөгчийн БҮРЭН ЭРХ ба ҮҮРЭГ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 9-нд болно. МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар өрсөлдөж байгаа юм. Нэр дэвшигчийн сурталчилгаа хөдөө орон нутагт тав дахь хоногт үргэлжилж байна.  МАН-ын нэр дэвшигч сурталчилгаагаа нар мандах зүгээс эхлүүлж Монгол Улсын 21 аймгийн онгоцоор нар зөв тойрч яваа. ХҮН-ын нэр дэвшигч мөн л сурталчилгаандаа хоёр онгоц хөлөглөн нисч буй бол АН-ын нэр дэвшигч машинтай давхиж яваа. Тэдний 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр ажиллах эрхтэй  болно.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх сонгуулиудаас ялгаатай нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу явагдаж буй юм Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 5 хүний нэр дэвших эрх Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуулиар хориглогдсон.

Мөн Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан хүрээнд олгохоор тусгасан юм. Ингэснээр Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрхийг хуулиар нэмж өгч, эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулдаг байдал хумигдана гэж хуульчид, мэргэжлийн хүмүүс үзэж буй.

Тэгвэл Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар Ерөнхийлөгчид ямар эрх үүрэг оноосон бэ.

Үндсэн хуульд Ерөнхийлөгч нь:

  • Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч,
  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн,
  • Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэмээн заажээ.

Ерөнхийлөгчийн бүрэн эрх чиг үүргийг Үндсэн хуулиас гадна Ерөнхийлөгчийн тухай хуульд тусгасан байдаг.

Ерөнхийлөгч нь төрийн тэргүүний хувьд

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагуудын зүй зохистой харилцан ажиллахад нь бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ.

Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд

Үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилцөлд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ хэмээн Ерөнхийлөгчийн тухай хуульд заажээ.

Ерөнхийлөгч ямар бүрэн эрхтэй вэ?

  • УИХ-ын анхдугаар чуулганыг товлон зарлах, улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна.
  • Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналын талаар түүнтэй зөвшилцөнө.
  • Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах талаар Ерөнхий сайдаас ирүүлсэн саналтай танилцана.
  • Үндсэн хууль бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана.
  • Хууль санаачлах, хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ.
  • УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.
  • УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож, төрийн бодлогын аливаа асуудлаар УИХ-д санал оруулах зэрэг бүрэн эрх Ерөнхийлөгчид бий.

Түүнчлэн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Тус заалтад дараах бүрэх эрхүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд:

  • Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
  • Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
  • Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
  • Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
  • Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
  • Уучлал үзүүлэх;
  • Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
  • Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
  • Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно гэжээ.

Ерөнхийлөгчийн үүрэг:

  • Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулна.
  • Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ.

Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах бөгөөд Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд үл хамаарах бүрэн эрхийг хуулиар олгохгүй хэмээн тусгажээ.

Ерөнхийлөгч хэнийг томилдог вэ?

  • Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.
  • ЗХЖШ-ын даргыг УИХ-тай зөвшилцөж томилно.
  • Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа УИХ-д оруулна. УИХ уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.
Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш 30 хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. Ерөнхийлөгчийн бүрэн эрх ийнхүү тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!