“Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат үнэмлэхээ гардан авлаа.
Тэрбээр “Миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Манай эвслээс боловсруулсан мөрийн хөтөлбөрийн дагуу, мөн биднийг дэмжигчдийн хүсэл мөрөөдлийн тусгасан хөтөлбөрийн дагуу би энэ сонгуульд оролцож байна. Нийгэм, эдийн засгийг улам төгөлдөржүүлэх, иргэдийн амжиргааг дээшлүүлж, шударга ёс, авлигатай тэмцэхийн төлөө, Монгол хүн бүрийг эх орноо хөгжүүлэх ажилд оролцуулахын төлөөх хөтөлбөртэйгээр нэр дэвшиж байна.
Монгол Улс их сонголтын өмнө ирж байна. Ирэх 30 жилд яаж амьдрах вэ, ирээдүйд ямар өв үлдээх вэ гэдэг шинэ сонголтын өмнө ирлээ.
Бид мэдлэг чадвар, технологид итгэж, шинэ Монголыг байгуулах итгэлтэйгээр ажиллах ёстой болж байна.
Энэ сонгуульд шударга, нээлттэйгээр, аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээх болно. Монголчууд шинэ мөрөөдөлтэй, шинэ замаар явахыг хүсэж байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Тиймээс ч нам бус, инженер миний биеийг олон түмнийхээ асуулгаар сонгосон биз ээ. Хэрэв бид Ерөнхийлөгчийн институцыг байгуулах эрх авч, миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн эхний алхам маань нам, нас, хүйс үл харгалзан Монголын хамгийн чадалтай, туршлагатай хүмүүсийг оролцуулсан шинэ баг байгуулан ажиллах болно. Энэ баг маань нэг намын бус Монголын баг байх болно. Тиймээс ч энэ сонгуульд “Монголчууд чадна” гэдэг уриатай оролцож байна. Бид хичээж, зүтгэх болно” гэв.
А.Анар