Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар яригдсан нэг асуудал нь ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулах. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулах бодолтой байгаагаа мэдээлжээ. Сонгуулийн шоу болчихгүй бол иргэдийн хувьд хүлээлттэй байсан асуудал. Учир нь, урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж чадахгүйгээс болж олон айл орон сууцанд орж чадахгүй байгаа юм.
Ардчилсан нам засгийн эрхэнд гарсныхаа дараа иргэдээ хямд хүүтэй, урт хугацаатай орон сууцаар хангах зорилгоор ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн. Үүний үрд дунд олон мянган айл орон сууцанд орсон юм. Харин үлдсэн нь урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж чадаагүй хүмүүс байв. Тиймээс барилгын салбарт эрэлт хумигдаж, борлуулагдаагүй 40 мянган байр байгаа юм.
Улсын хэмжээнд 897 мянга гаруй өрх байдаг. Нийслэлийн 411 мянга гаруй өрхийн нь 201 мянга нь инженерийн дэд бүтэц бүхий орон сууц, бие даасан тохилог сууцанд, үлдсэн 209 мянга нь инженерийн дэд бүтэцгүй амины орон сууц болон гэрт амьдарч байна. Нийслэлийн 411 мянган өрхийн 10.3 хувь буюу 42.3 мянга нь өөрийн гэсэн сууцгүй гэсэн статистик мэдээ гарчээ.
Монгол Улсын үе, үеийн Засгийн газар Улаанбаатарын утааг бууруулах бодлогын хүрээнд иргэдээ оронсууцжуулахад анхаарч ирсэн.
Иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр орон сууцны найман хороолол барих төсөл хэрэгжүүлж байгаа. Ингэснээр 100 орчим мянган иргэн 28569 айлын орон сууцанд амьдрах юм.
Засгийн газар “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Нийслэлд 100,000 айлын орон сууц барих бөгөөд 2020 оны жилийн эцсийн өссөн дүнгээр 47149 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.
Нөгөө талаар урьдчилгааг 15 хувь болгож бууруулснаар зээлийн эрсдэл үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуудал яригдана. Гэхдээ үүнийг Үндэсний баялгийн тогтолцоо, Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд тургуурлах замаар үе шаттай шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна.
А.Анар