2024.09.16, Monday
spot_img
НҮҮРПопулист МэдээУлс төрийн ариун цэвэр: ИЗНН ба Д.Энхбат

Улс төрийн ариун цэвэр: ИЗНН ба Д.Энхбат

Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг анх удаа түүний өөрийнх нь нам дотроос, өөрийнх нь намын гишүүд санаачлан УИХ-д оруулж ирсэн билээ. Тэрбишдагва тэргүүтэй МАН-ын 7 гишүүн хуульзүйн сайдыг огцруулах санал тавьж, АН-ын бүлэг түүнийг нь дэмжив. Хамгийн гайхалтай нь өөрсдийгөө УИХ дахь сөрөг хүчин, улс төрийн гурав дахь хүчин энэ тэр хэмээн цоллох дуртай ИЗНН-ынхан эсэргүүцэв. Хэрэв Нямдорж сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн эхний өдрийн хуралдаан дээр Д.Энхбат, С.Оюун, З.Алтай нарын гурван гишүүн оролцож, сайдыг огцруулах талд саналаа өгсөн бол Нямдорж сайд гарцаагүй огцрох байлаа. Гэвч тэр гурван “цэвэрхэн” гишүүн түүнд оролцсонгүй.

Оролцоогүйгээр барахгүй, түүнийгээ зөвтгөж, тайлбар хийж, мэдэгдэл гаргаж, мэйл шидлэв. Сөрөг реакцыг мэдэрсэн хэрэг. ИЗНН-ын мэйлээр шидсэн мэдэгдэлд, “улс төрийн хүчнүүдийн өс хонзонгоо тайлах явуулгад ИЗНН оролцохгүй, бид тэдний тооцоог хагалах хэрэгсэл болохгүй, гэхдээ ажлын хариуцлага алдсан хэн ч гэм зэмгүй өнгөрдөг байх ёсгүй” гэхчлэн дурджээ. Тэд тэдний тооцоог хагалах, бие биедээ хариуцлага тооцох ажилд огт оролцохгүй юс байна. Өөрөөр хэлбэл МАН ба АН-ын гишүүдийн хооронд өрнөж буй аливаа асуудлаар хариуцлага тооцох асуудал яригдвал ИЗНН огт оролцохгүй гэсэн үг. Тэгвэл тэд улс төрд ямар ч хариуцлага тооцохгүй гэсэн үг. АН-ын гишүүнтэй хариуцлага тооцох гэвэл бид өш хонзон тайлахад оролцохгүй гэнэ. МАН-ын гишүүнтэй хариуцлага тооцох гэвэл өөрсдийнхөө завааруулсан юмтай өөрсдөө учраа ол гэнэ. С.Баяр даргын 7 сарын 1-ний шөнө, “Та нар гал тавьж би унтрааж байх ёстой юм уу” гэж хэдэрлэдэг шиг. Дүгнэвэл, ИЗНН улс төрийн хариуцлага тооцох асуудалд огтхон ч оролцохгүй гэсэн үг. Улс төрийн хариуцлагыг энэ хоёр намтай, энэ хоёр намын гишүүдтэй ярихгүй юм бол өөр хариуцлага хэнтэй ярьж, хэнтэйтооцох юм бэ? Тэгсэн мөртлөөхариуцлага алдсан хэн ч гэм зэмгүй өнгөрдөг байх ёсгүй гэхчлэн цэцэрхэх нь хоосон чалчаа үг мөн. Та нар бие биедээ хариуцлага тооц, бид хөндлөнгөөс харж байя гэсэнтэй агаар нэг.

Д.Энхбат гишүүн блогтоо, “Ц.Нямдоржийг огцруулах хангалттай үндэслэл гаргаж ирээгүй, эхлээд үндэслэлээ зөв болгооч” хэмээн бичжээ. Захиалгат хэвлэл мэдээллээр бидэн рүү дайрч байна гэхчлэн өөрийгөө өмөөрчээ.“Дээрх үндэслэлээр сайд Ц.Нямдоржийг огцруулах нь түүнийг бараг бусад бүх хэл ам, асуудлаас аварч байна гэхэд болохоор. Тэд хэвлэлээр ярьж буйдаа үнэхээр итгэж байгаа юм бол Ц.Нямдоржийн “тагнуулын” гэх, албан тушаал, авлигын гэж олон жил яригдсан хэргүүдийг хэлэлцэх асуудалдаа оруулж ирэхгүй яасан юм бол?” хэмээн бичсэн нь эрүүгийн хэрэгтний сандалд суулгахаар жинхэнээсээ захиалгаа өгч байгаатай адил болж. Хамгийн түрүүнд хариуцлага алдсан бол, хэнбугай ч гэсэн огцордог гэдгийг батлах хэрэгтэй байлаа. Огцруулсны дараа нь шат дараатай хариуцлага тооцож болох байлаа. Гэтэл тэд огцруулахыг хүссэнгүй. Үндэслэл нь буруу гэхчлэн томорчээ. Огцруулах эсэх хуралд суугаагүй эс үйлдэл нь Ц.Нямдоржийг огцрохгүйд хүргэнэ гэдгийг тэрээр мэдэхийн дээдээр мэдээд намаараа оролцоогүй хэрэг. Өөрө хуралд ч сууж, байр сууриа илэрхийлж зүрхлээгүй мөртлөө, нэг мөсөн шоронд хатаа хэмээн бусдын гараар могой бариулахыг хүсэж байна.

ИЗНН-ын мэдэгдэлд, “УИХ-ын гишүүний мандатыг сонгогч олон бидэнд улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудын шийдлийг тусгасан хууль, бусад шийдвэр боловсруулан батла хэмээн олгосон болохоос эрх баригчдын эрх мэдэл, албан тушаалын төлөөх талцсан тэмцэлдээнд аль нэг талыг нь барин оролц, тэдний тооцоог хагалагч хэрэгсэл бол гэж өгөөгүй юм” хэмээн дурджээ. Улсын Их Хурал нь хууль батлахаас гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, гүйцэтгэх засаглалд хяналт тавих чиг үүрэгтэй институц. Гэтэл тэд ийм хяналт тавих үүргээсээ татгалзаж, түүндээ сонгогчдынхоо нэрийг барьж байна. Талцал тэмцэлд ор гээгүй, улс төрийн тэмцэлд ор гэж тэднийг сонгосон. Гэвч тэд татгалзаж байна.

Д.Энхбатын хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл “Стандарт бус хосуудын дотоод хэрүүлд бид оролцохгүй. Эр, эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг биз дээ. Зөвшилцөл, Стандарт бус засаг гээд л учиргүй хайртай улсууд яваад байсан биз дээ. Одоо хэрэлдэж хагарч байна.” хэмээн тэднийг эр эмийн хос мэтээр дүйцүүлэн зүйрлэжээ. Түүний хэлсэн зүйрлэлээр дүйцүүлбэл, түүний одоо нийлчихээд байгаа хос нь өмнө нь яг одоогийн муулаад байгаа тэр “эртэй” зөвшилцөж, нэг засагт хамтарч байсан түүхтэй нам шүү дээ. Түүний одоогийн хамтрагч нь өмнө нь хэд хэдэн намтай нийлээд салсан түүхтэй нам шүү дээ. Олон намтай нийлж салж, стандарт бус засагт ч хутгалдаж байсан намд элсэж орчихоод манай нам ариухан онгон гэж чарлахад хэн итгэх вэ?

ИЗНН улс төрийн хувьд их ариун цэвэрч, бузар булайтай хутгалдаагүй, их зөв, шударга, эрүүл нам хэмээн хэлсэн үг ярилцлага болгондоо шахам дурдаж байна. Д.Энхбат “Энэ их том хар хүчний эсрэг цагаан хүчээр тэмцэнэ” гэж тунхагладаг хүн. Гэтэл тэмцэхгүй, хөндлөнгөөс ажиглах юм байна. Тэд их ариун цэвэрч улс учраас улстөрийн бузар булай шавар шавхайтай хутгалдахгүй юм байна. Гэхдээ харамсалтай нь улстөрд тийм боломж байхгүй. Бузар булайг дарахын тулд зайлшгүй бузар булайтай нүүр тулах л хэрэгтэй болно. Их ариун цэвэрч хүн болж цэрвэх юм гэнэ. “Төр бол гарцаагүй байх ёстой муу зүйл” гэдэг. Тэгэхээр төрийн сонгуульд оролцож, төр барихаар санаархагч хэнбүхэн муу муухай зүйл рүү тэмүүлэгч мөн. Харин тэр муу муухай дотор юунд ч хүрэхгүй цэвэрхэн байх боломж байхгүй. Зүйлшгүй тодорхой байр суурь хэрэгтэй. Харин ИЗНН намд ийм байр суурь ч зарчим ч алга. Ердөө л гоё үгийн цуглуулга л байна. Товчоор хэлбэл ИЗНН бол хар ч биш, цагаан ч биш, сав саарал нөхдүүдийн цуглуулга. Ийм тодорхойгүй сав саарал нөхдүүдээс юун түрүүнд болгоомжлох ёстой.

Ц.Болд 2012.05.23

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!