2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР1Ерөнхий сайдын НОМЫН ДАЙЛЛАГА ба ДАБЛЬ СТАНДАРТ

Ерөнхий сайдын НОМЫН ДАЙЛЛАГА ба ДАБЛЬ СТАНДАРТ

Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ “Азийн хүлэг улс”,  “Алсын хараа-2050” номын нээлтээ өнгөрөгч Ням гаригт хийжээ. Урлаг соёл, улс төр, эдийн засаг, нийгмийн төлөөллүүд хүрэлцэн очиж Ерөнхий сайдын гарын үсэгтэй номыг бэлгэнд авснаас гадна дайлуулж, цайлуулсан зургаа нүүр номдоо “гайхуулцгаав”. Өөрсдийгөө  инфлүүсэр гэж хөөрөгддөг хөгшин залуу нөхдүүд гуяа алгадаад  Ерөнхий сайдын “будаатай хуурга”-нд гүйгээд очсон бололтой. Гэхдээ  тэр хүмүүсийг буруутгах  гэсэнгүй. Мөнгө цагаан нүд улаан шүү дээ.

 УОК, Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөж, ажил, орлогогүй болсон иргэдийн хувьд Ерөнхий сайдын энэ үйлдэл ёстой л даапаалал, доромжлол байлаа. Үүнийг дабль стандарт гэдэг бөгөөд  МАН-ын засгийн үед, цар тахлаар далимдуулан гахайнууд бүр илүү эрхтэй болсны бас нэг жишээ энэ. Жирийн нэг иргэн номын нээлтээ хийж, баахан хүн урьж цуглуулаад дайллага, цайллага хийсэн бол Б.Баатархүү хурандаад “баривчлагдчихсан”.

УОК-ын шийдвэрээр ихэнх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хаалттай байгаа.  Зарим салбарынхан  хоёр жил шахам хөл хорионд дампуурахдаа тулсан. Зах дээр тамхи, бохь ширхэглээд ч болтугай амин зуулгаа залгуулдаг байсан айл өрхүүд хоногийн хоолгүй болж байна. Өлөн зэлмэн өдөр хоногийг өнгөрөөх хүүхдүүдийн тоо нэмэгдэж буй.

Гэтэл Засгийн газар, УОК-ын шийдвэрээ зөрчөөд Ерөнхий сайд нь өөрөө хүний бөөгнөрөл үүсгэж, олон хүн хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах нь хэр зөв бөгөөд ёс зүйтэй үйлдэл вэ.

Цар тахлын гамшигт улсаараа нэрвэгдэж, зуу, зуугаараа халдвар авч, нас баралт буурахгүй байна. Эдийн засаг нь дампуурлын ирмэгт, аж ахуйн нэгжүүд нь ар араасаа хаалгаа барьж, ажилгүйдэл огцом өсч, экспорт, импортын орлого буурч, төсөв нь хэдэн их наядаар тасарч, Монгол Улс хэдийнэ SOS зарлачихаад байхад улсын Ерөнхий сайд нь шинэ номын баяр хийгээд сууж байх байгаан даанч дээ гэмээр. Уг нь Л.Оюун-Эрдэнийн хувьд юун номын баяр манатай цаг байлтай.  Ерөнхий сайд номнуудаа хувиасаа мөнгө гаргаад хэвлүүлээгүй нь бүр ойлгомжтой. Нэмээд Л.Оюун-Эрдэнийн номын баяртаа урьсан хүмүүсийн дайллага цайллагын төлбөрийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргасан биз.

Ёс зүйтэй, хэм, хэмжээтэй, хариуцлагатай улсад Ерөнхий сайд  нь ийм үйлдэл гаргасан боь аль хэзээний огцрох ёстой байлаа. Харин Монголд Ерөнхий сайдын энэ үйлдэл хэвийн үзэгдэл шахуу болсон.   Монголд эрх баригчид нь нийгмээ энгийн иргэн, дарга анги  гэж  ялгаварлах нь хэрээс хэтэрлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ мэт  дабль стандарт нэг бус удаа гаргаж байгаа. Жишээ нь, төрсөн ах “Херо” Б.Баатар нь  төсвийн мөнгөөр Засгийн пиарыг хийж буй. Өнгөрсөн жил гэхэд улсын наадмын нээлтийг Б.Баатар найруулсан.

Энэ жилийн наадмыг мөн л “Херо” найруулна. Уг нь Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах төсвийн мөнгөөр наадам найруулна гэдэг ашиг сонирхлын хамгийн том зөрчил. Авлигын хэрэгт ч тооцогдох ёстой. Даанч Монголд Б.Баатар мэтийн даргын ах дүү нар ард түмний цуглуулсан фондын мөнгө завшаад явж байгаатай хариуцлага тооцож чадах хууль, шүүх байхгүй.  Тэрчлэн өнгөрсөн Даваа гаригт болсон Засгий газрынхаа зуун хоногийн тайлангийн үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бусдыг зодож хүндээр гэмтээсэн Н.Түвшинбаяртай хариуцлага тооцохгүй, МҮОХ-ны албан тушаалаас нь чөлөөлөх хэрэггүй гэх ухааны юм ярьсныг монголчууд бүгд хоёр дэлдгэрээрээ сонссон. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Н.Түвшинбаяр бол дабль стандарттай хүн шүү гэж л шулуухан хэлчихнэ лээ.  Учир нь, Н.Түвшинбаяр Ерөнхий сайдын зөвлөх, Херогийн хуурай дүү болохоор тэр.

Нэгэн цагт “шударга ёсны тэмцэл”хийж явсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь шударга ёс нэг иймэрхүү.   Хууль дээдэлдэг оронд дарга даамал, энгийн иргэнд (уг нь бүх хүн энгийн иргэн байх ёстой) хууль адилхан үйлчилдэг, дабль стандарт гаргасан албан тушаалтанд дабль шийтгэл ирдэг. Хэрэвзээ Монгол Улс хуулиа дээдэлдэг байсан бол Л.Оюун-Эрдэнэ дабль стандарт гаргасныхаа төлөө дабль шийтгэл эдлэх ёстой байлаа.

Эцэст нь хэлэхэд эрх баригчдын  илүү эрх эдэлдэг,  хэт даварсан үйлдлийг зогсоох хамгийн зөв гарц нь  иргэд сонголтоо зөв хийх. Энэ удаагийн сонгуульд МАН ялбал У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэсэн Путин, Медведев нарын хуулбар бий болно.

Б.НИРУН

 

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. Зөв шүү. Энэ нөхдийн даварсан үйлдлүүдийг таслан зогсоох ёстой. Засгийн ажлыг шоу болгож дөвчигнөдөгөө болих хэрэгтэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!