Дубайн гэрээг Монголд хохиролтой байгуулсан гэж Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт шүүхээс ял шийтгэл оноосон. Хуульчид шүүхийн шийдвэрийг буруутгаж, тэднийг хэлмэгдүүлсэн гэж үздэг бол эдийн засагчид Дубайн гэрээний ачаар Монголын эдийн засаг өдий зэрэгтэй явааг онцолдог.
Тэгвэл Да.Ганболдын өмгөөлөгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төр засгийн бүх түвшинд гарсан шийдвэрийн дагуу ажил үүргээ биелүүлсэн хэнийг ч болов гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй. Харин ажлаа хийх явцдаа албан тушаалаа хэтрүүлсэн, урвуулсан буюу нэг үгээр хэлбэл хувийн ашиг сонирхлоо аливаа хэлбэрээр гүйцэлдүүлэх зорилгоор санаатай гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хуулиар ял шийтгэдэг.
Да.Ганболдын хувьд төр засгийн шийдвэрийг биелүүлэхдээ нэг ч төгрөг хувьдаа завшаагүй, хувийн сонирхлоо өчүүхэн төдий ч гүйцэлдүүлээгүй.
Үүнийг нууцаар болон ил мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаад хувийн ямар нэгэн сэдэлт, санаа зорилго байгаагүйг тогтоосон. Хэвлэлээр гардаг шиг элдэв байшин сав, машин тэрэг, мөнгө дансны асуудал байхгүй гэдгийг баттай хэлье. Иргэн Да.Ганболдыг олон жил нууцаар мөрдөн шалгаад элдэв хөрөнгө мөнгө завшсан гэх нотлох баримт тогтоогддоггүй болохоор өмгөөлөхөд ч сэтгэлд сэвгүй амар байдаг юм. Да.Ганболдыг цагдан хорьсноос хойш 11 сарын хугацаа өнгөрсөн байна. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжирч байгаа нь хүний эрхийн хувьд зөвтгөх аргагүй. Хамгийн их санаа зовоож байгаа нь хорих ангиудад ковид 19 цар тахлын маш олон тохиолдол гарсан байна. Хоригдогч нар төдийгүй хорих ангийн удирдлага, ажилтнууд олноороо өвдөж байгаа нь санаа зовоож байна. Үүсээд байгаа нөхцөл байдал нь хоригдогч, тэдгээрийн гэр бүлийн хувьд сэтгэл санааны хүнд дарамт үүсгэж байна” гэсэн байна.