2024.04.21, Sunday
spot_img
НҮҮР3Арван жил гацсан нүүрсний төмөр замыг ашиглалтад орно

Арван жил гацсан нүүрсний төмөр замыг ашиглалтад орно

Ерөнхийлөгч Х.Баттулгын олон жил гацааж, Чингис бондын мөнгийг овоолсон шороо болгож орхисон нүүрсний төмөр зам ашиглалтад удахгүй орохоор болжээ.  Өмнөговь аймагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллах үеэрээ ирэх долдугаар сард Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад оруулахаа мэдэгдэв. Уг төслийг “Бодь Интернэшнл” хариуцан ажиллаж байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх жилийн долдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар санхүүжилтийн графикийг шийдсэн. Тиймээс төмөр замаар тээвэрлэх экспортын бүтээгдэхүүн нэмэгдэх боломж бүрдэнэ. Дараа нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орно. Зүүнбаянгийн төмөр замын ойролцоох 23 орчим орд газрыг шинээр ашиглалтад оруулах гэх мэт томоохон асуудлуудыг шийднэ” гэж “газар дээр” нь амласан бололтой.

Тэрбээр Өмнөговь аймагт  дархлаажуулалтын явц ямар байгааг болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих цогцолбор төслүүдийн хэрэгжилттэй танилцахаар очсон юм. Улс орны эдийн засгийн гол бүс нутаг томилолтоор ажиллахаар болсон нь Гашуунсухайтад жолооч нараас ковид-19-ийн халдвар илэрч, экспорт тэг зогссонтой холбоотой.

Ерөнхий сайд уул уурхайн бүс нутагт ажиллах үеэрээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын болон “Тавантолгой” нүүрс баяжуулах үйлдвэр барих санхүүжилтийг газар дээр нь шийдсэнээс гадна Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлсэн талаар албаны мэдээнд дурджээ.

“Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр”-ийг  2023 онд ашиглалтад оруулснаар жилдээ 30 сая тонн нүүрс баяжуулж нэмүү өртөг шингээн экспортод гаргахаар Засгийн газар төлөвлөж байгаа аж.

Тавантолгойн цахилгаан станц барих ажил ийнхүү урагшилсан нь Монгол Улсын эдийн засагт нэн ач холбогдолтой. Харамсалтай нь, М.Энхсайханы эхлүүлсэн энэхүү төслийг Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болонгуутаа гацаасан байдаг. Дараа нь Засгийн газар М.Энхсайханы боловсруулсан ТЭЗҮ-гээр цахилгаан станцыг барих шийдвэрийг гаргасан юм. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулснаар өмнийн говь дахь уул уурхайн эрчим хүчийг найдвартай эх үүсвэрээр хангах, нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай юм.

А.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!