2024.04.26, Friday
spot_img
НҮҮР2Ц.Оюунгэрэл: ХҮН миний бодсоноос өөр нам байсан

Ц.Оюунгэрэл: ХҮН миний бодсоноос өөр нам байсан

Парламентад суудалтай гурван нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж, СЕХ-нд хүргүүлсэн. ХҮН-аас “Датаком”-ыг үүсгэн байгуулагч Д.Энхбат нэр дэвшихээр болсон. Гэхдээ ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшээч гэсэн саналыг таван хүнд тавьсны нэг нь АН-ын Ц.Оюунгэрэл байв.

Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр дотоод сунгаандаа өрсөлдсөн боловч ялагдал хүлээсэн. Үүний дараа  мэдэгдэл гаргаж,  “Өнөө цагийн лидерүүдийг эрх мэдэлд хүргэхийн төлөө хэрхэн олон жил хөдөлмөрлөж явснаа эргэн дурсахад харамсах сэтгэл төрж байна. Тиймээс өнөөдрийн төвөгтэй нөхцөл байдлыг бий болгосон Ардчилсан намын одоогийн лидерүүд хэмээх байр суурь эзэлсэн хүмүүсийн хэнийг нь ч эрх мэдэлд аваачихын төлөө цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө ажил хөдөлмөрийг зориулахгүй” болохоо зарласан билээ.

Харин яагаад ХҮН-аас нэр дэвших саналыг хүлээж аваагүй тухайгаа “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа ийнхүү тайлбарлажээ.

Ц.Оюунгэрэл: Дөрөвдүгээр сарын 19-нд Т.Доржханд гишүүн “Олон нийтийн санал асуулгаар та эхний тавдугаар байрт гарч ирлээ. Эхний тавд орсон хүмүүстэй ганцаарчилсан уулзалт хийж байгаа юм” гээд намайг урьж уулзсан. Уулзахдаа “Тантай хамгийн түрүүнд уулзаж байна. Та манай намаас танд санал тавьбал дэвших боломжтой юу” гэж асууж байсан. Би тэр үед “АН-аасаа нэр дэвших бол миний эхний зорилт. Нөхцөл байдал, АН сонгуульд оролцох боломжгүй ч юмуу, маш хүнд нөхцөл байдалд орвол танай саналыг бодож үзэхэд би татгалзахгүй” гэсэн хариуг өгсөн.

Гэхдээ үүнээс хойш албан ёсоор холбогдож, бичгээр санал аваагүй. Үүнээс хойш ер нь Т.Доржханд гишүүнтэй дахиж уулзаагүй л дээ. Гэхдээ анхны уулзалтад төрсөн сэтгэгдэл таатай байгаагүй. Ер нь бол таатай уулзалт болоогүй. Маш хүнд яриа болсон. Би ХҮН-ыг их өөрөөр төсөөлж, бодож байсан. АН дотор санхүүжилт, зохион байгуулалт, дүрэм журмын асуудал гээд маш хүнд асуудалтай тулгарч энэ амьдрал дундуур явж байгаад ХҮН-ыг шал өөр нам гэж бодож тэр ярилцлагад орсон.

Тэгэхэд Т.Доржханд гишүүний гаргаж байгаа хандлага, надад тавьж байгаа шаардлага энэ тэр нь ер нь л миний дуулах дургүй дууг буцааж дуулж байгаа юм шиг байдалтай байсан. Маш их мөнгө нэхэх юм байна, нэлээд хаалттай байх юм байна, гол нь залуучуудын хүсээд байгаа орчныг бүрдүүлэх чиглэлд санал нийлэхгүй юм байна гээд нэлээн олон зүйл дээр санал, яриа сайн нийлээгүй. Тиймээс ч би ХҮН-аас дэвшье гэж бодоогүй” гэжээ.

Өөрөөр хэлбэл, хатагтай Ц.Оюунгэрэлд ХҮН-ын санал төдийлөн таалагдаагүй аж. Нам нь нэлээд хаалттай бас мөнгөний сонирхолтой болохыг ч шүүмжилсэн байна. Харин ХҮН-ын дарга Т.Доржханд “Датаком”-ын Д.Энхбатыг нэр дэвшүүлж, иргэдэд амалсан ёсоороо сонголтын боломж олгож байгаагаа мэдээлсэн.  Мөн “Улс төрийн намууд нь шударга зөв хүнээ дэвшүүлдэг байгаасай гэх зарчмыг  бид баримталсан. Манайхаас дэвшсэн Д.Энхбат хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чадна” гэж итгэж байгаагаа ч илэрхийлсэн байдаг.

А.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!