2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР1М.Тулгат: Тэд хэний төлөө, юуны тулд өлсөөд байгаа юм бэ

М.Тулгат: Тэд хэний төлөө, юуны тулд өлсөөд байгаа юм бэ

АН-ын “4:11” уулзалт, мэдээллийн цагаар АН-ын дарга М.Тулгат, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга О.Чулуунбилэг, Ц.Оюундарь болон АН-аас МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.


С.Эрдэнэ: Миний хувьд хэдхэн хоногийн өмнө хүртэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухай бодол байгаагүй. Би үүнийг илэн далангүй хэлнэ. АН-ын удирдлагын зүгээс санал тавьж байсан. Би шийдвэрээ гаргаагүй байсан. Гэвч сүүлийн үед АН-ын 200 гаруй мянган гишүүдийн хувь заяа, ардчиллын суурь зарчим руу халдсан үйл ажиллагаанууд гаарч байгаа учраас би нэрээ дэвшүүлье гэдэг шийдэрт хүрсэн. Хэн дуртай нь өнөөдөр АН-д гүйж орж ирээд маргааш нь энэ намын нэр дээр нэрээ дэвшүүлж байна. АН-ыг нулимж гарчихаад, АН-ын хувь заяагаар тоглочихоод “бие даагч” гээд УИХ-д орж ирсэн нөхөр АН-ын нэр дээр сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа нь хэтэрхий увайгүй харагдсан учраас би АН-ын даргаар ажиллаж байсны хувьд, энэ намын өмнө үүрэг харицлага хүлээж байсан хүний хувьд ийм шийдвэрт хүрсэн.

М.Тулгат: АН-ын Х их хурлаас “Одоогийн Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлнэ” гэдэг дүрмийн өөрчлөлтийг нууцаар, хуйвалдааны замаар батлах гэж оролдсон. Тэр нь тэдний жинхэнэ нүүр царай байсан.

Энэ бол нэг хэсэг бүлэг хүмүүсийн албан тушаал, эрх мэдэлд хүрэх гэсэн л үйлдэл. Энд ямар ч үзэл санаа, үнэл зүйл, зарчим, дүрэм байхгүй. Мөнгө, бяр юу байдаг тэр бүхнээрээ хууль ёсны АН-ыг харлууллаа. Явж байгаа шүүхийн болон бусад процессийн талаар бүх худал хуурмаг мэдээллийг цацлаа. Ямар их мөнгөтэй, бяртай, соошл багтаа юм. Ямар ч их увайгүй юм. Сүүлдээ талбай дээр өлсгөлөн зарлалаа. Талбай дээр Монголын нэг иргэн өөрийгөө шатаахад энэ хүмүүс ингэж дуугарсан уу, өлсгөлөн зарласан уу? Ковидоор шалтаглаад хүний эрх зөрчиж байхад, хүчирхийлэл гаарч байхад, бизнесийнхэн нь тэр аяараа нурж унаж байхад тэд ингэж өлссөн үү? Юуны төлөө өлсөөд байгаа юм, хэний эрх ашиг юм?

Ч.Өнөрбаяр:Монголын ардчиллыг хамгаалах, ардчилсан тогтолцоогоо авч үлдэх хариуцлагатай сонголтын өмнө бид ирсэн байна.  Харамсалтай нь, сүүлийн үед зарим нэг намын дарга байсан, одоо намын дарга байгаа зарим хүмүүс энэ ардчилсан тогтолцооны эсрэг, Үндсэн хуулийн эсрэг зүйл ярьж байна. Зүүн төвийн шинэ БНУ байгуулах, Үндсэн хуулийг сууриар нь өөрчлөх тухай санаа цухалзуулж эхлээд байна. Үндсэн хуулийг эх барьж авсан Б.Чимид багш маань “Монгол Улс бол алганд багтсан Үндсэн хууль юмаа” гэж хэлж үлдээсэн. Энэ Үндсэн хуульд Монгол Улсын тусгаар тогтнол, ардчиллын дархлаа суусан гэж би боддог.  Гэтэл өнөөдөр нэг намын дарга гарч ирээд “Надад таарсан том албан тушаал өгвөл би ажил хийе. Надад жижигдсэн албан тушаал өгвөл би хийхгүй” гэдэг хариуцлагагүй мэдэгдэл хийдэг болтлоо энэ улс төр ялзарсан байна.

О.Чулуунбилэг: СЕХ дээр болсон маргаантай үйл явдлын тухай дуугүй өнгөрч болохгүй гэж бодож байна. Монгол Улс-н Ерөнхий сайдаар ажиллаж байсан, АН-ын даргаар зургаан жил ажилласан Н.Алтанхуяг гэдэг хүн маш болчимгүй үг хэлсэн. Ард түмний нэрийн өмнөөс хүн дүүжлэх тухай ярьсан. Үндсэн хуулиндаа тангараг өргөсөн УИХ-ын гишүүн хүн ард түмний нэр барьж бусдын амь насанд заналхийлж байгаа нь тэвчиж болшгүй үйлдэл байлаа. Үр ачаа асраад, залуучууддаа сургааль номлолоо хэлээд сууж байх ёстой улс төрийн зүтгэлтэн хүн өөрийнхөө үр хүүхэд шиг хүнийг ална, дүүжилнэ гэж байгаа нь хүлээж авч болшгүй зүйл.

Сүүлийн үед АН-д орсон, АН-ын нэр барьсан УИХ-ын хэсэг гишүүд ийм зүйлийг байнга ярьдаг боллоо. С.Ганбаатар гэдэг хүн өмнө нь Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарласан. Өөрийгөө шатаах тухай ярьсан. Энэ ярианы дараа энгийн нэгэн залуу хүн Сүхбаатарын талбай дээр өөрийгөө шатаасан. Өнөөдөр Н.Алтанхуяг гэдэг хүн ард түмний нэр бариад хүн дүүжлэх тухай ярьж байна. УИХ-ын гишүүн, улстөрч хүн гэдэг нийгэмд өөрийн нөлөөг үзүүлж байдаг. Нийгмийг эмх замбараагүй байдалд уриалж, хэн нэгнийг алах дүүжлэх, шатаах тухай ярьж байгаа бүх хүмүүс үүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ. АН үүнд ямар ч хариуцлага хүлээхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

А.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!