Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор парламентад суудалтай гурван нам нэр дэвшигчээ тодруулсан. Гэвч, дөрвөн хүний материал СЕХ-нд очсон нь хоёр тамгатай, хоёр даргатай АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэх хоёр хүнийг нэр дэвшүүлсэн явдал. СЕХ байтугай энэ асуудлыг Улсын дээд шүүх ч шийдвэрлэхэд хэцүүхэн болжээ.
АН-ын гишүүн Э.Бат-Үүл энэ талаар нүүр номдоо “СЕХ-д Эрдэнэ,Алтанхуягийн нэр очсон нь манай намд маш ашигтай торгон мөч шүү!Хоёр залуу дарга тохироод хоёр нэр дэвшигчээ хооронд нь хэний нэр үлдэх гэдгээр шодуул,эсхүл сугалаа татуул! Төрийн 3 өндөрлөг нэг намын гарт орвол Тулгат,Цогтгэрэлийг шүүх бүртгэхгүй 24 он хүргэнэ шүү!” гэж бичсэн нь олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулав. Арга ядсан хүний л үг шүү дээ.
УИХ-ын сонгуулийн дараа дотроо эв нэгдэл, учир зүйгээ олж чадахгүйд хүрсэн Ардчилсан нам эцэстээ хуруудах, шодох хэмжээнд очсон нь эмгэнэл гэлтэй. Эцэст нь бүлэгтэй АН нь бүртгэлтгүй, бүртгэлтэй АН нь бүлэггүй болж хувирах нөхцөл байдал руу шилжсэн нь УИХ-ын гишүүн. М.Батсуурийн “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар, парламентад суудалтай улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлэх эрх үүсдэг. Өөрөөр хэлбэл, МАН, АН болон “Зөв хүн электорат” эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой. О.Цогтгэрэл тэргүүтэй Ардчилсан намын Их хуралд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүгд тэргүүлэгчээр оролцсон. Харин С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийн зохион байгуулсан АН-ын Их хуралд АН-аас УИХ-д суудалтай нэг ч хүн байгаагүй. УИХ-д суудал авсан 13 гишүүн нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхийг авсан. Тиймээс АН-ын Их хурлаас нэр дэвших эрх авсан Н.Алтанхуягийг Үндэсний аудитын газар бүртгэх хуулийн үндэслэл бий” гэх мэдэгдэл. Гэвч, ингэлээ гээд Н.Алтанхуяг нэр дэвших эрхтэй болно гэсэн үг биш.
АН-ын хоёр тамга аль хүчин төгөлдөр болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр /2021.05.04/ шийдэх ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Улсын бүртгэлтийн ерөнхий газраас холбогдох шалгалтуудыг хийгээд АН-ын тамгыг хууль ёсны дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Ингээд Ц.Туваанд байсан тамгыг хүчингүй болгож, шинээр АН-ын тамгыг хийлгэх эрхийг С.Эрдэнэд олгосон аж. Э. Тэгэхээр Улсын дээд шүүхэд АН-ын дарга нь С.Эрдэнэ гэж бүртгэсэн бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан бүртгэл өнөөдөр хэвээр байгаа. Энэ талаас нь харвал СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнийг бүртгэх магадлал өндөр.
Гэхдээ АН-ын энэ чигээрээ зодолдоод байвал Н.Алтанхуягт ч, С.Эрдэнэ ч ашиггүй. Хэн хэн нь нэр дэвшиж чадахгүйд хүрнэ. Эсрэгээрээ Ардын намд хожил нь ирнэ. Хожигдмоор байвал АН-ынхан хоёр талд гараад зодолдоод бай.
Эсвэл Э.Бат-Үүлийнхээ жиргэсэн шиг бүх гишүүдийнхээ өмнө хоёр нэр двэшигчээ барилдуулж болно. Бүр уралдуулж, эсвэл хуруудуулж болно. Нэрийг нь будаанд хийгээд шигших нэг арга бас байна. Ардчилсан намд үнэт зүйл, дүрэм журам гэж үгүй болчихсон бол шүү дээ. Өнөөдрийн үйл явдлаас харахад Ардчилсан нам жинхэнээсээ нас баржээ! Эмгэнэл илэрхийлэх ч хайран.
Б.НИРУН