Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй парламентад суудалтай 4 намын нэг нь Хөдөлмөрийн үндэсний нам. ХҮН-аас хэн нэр дэвших нь хүлээлт дагуулсаар байгаа билээ. ХҮН-аас “Ерөнхийлөгчөө захиалъя” аянг зохион байгуулсан. Энэ талаар тус намын нарийн бичгийн дарга, хуульч Д.Үүрцайх “20 орчим мянган хүн Ерөнхийлөгчөө захиалсан. Иргэдийн зүгээс 140 орчим хүнийг нэрлэсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хязгаарлалтын улмаас хэн гэдэг хүн хэдэн хувийн санал авсан тухай үр дүнг олон нийтэд зарлах боломжгүй. Тэгвэл социологийн судалгааны ажил биш харин сонгогчдын санал татах зорилготой, санаа бодолд нь нөлөөлөх зорилготой ажил болж хувирна. Ямартай ч эдгээр 140 орчим хүнд хуульд заагдсан шаардлагуудыг тавина. Хуульд заасан шаардлагыг хангаж байгаа нэр дэвшигчид ХҮН болон Зөв хүн электорат эвслийн мөрийн хөтөлбөр, үзэл санааг тээгч мөн үү гэсэн улс төрийн шалгуурыг тавина. Ингээд дэс дараалсан шүүлтийн дараа 140 хүнээс шалгарч үлдсэн хүмүүст манай эвслийн зүгээс нэр дэвших хүсэл байгаа эсэх талаар нь асууж, яриа хэлэлцээр хийнэ. Хуулийн хугацаанд багтаагаад нэр дэвшигчээ тодруулна” гэж байр сууриа илэрхийлсэн. Мөн тэрбээр “Ц.Оюунгэрэл гэдэг хүний хувьд Ардчилсан намын гишүүн хүн. Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзаад, манай судалгаанд өндөр рейтинг авч, хуулийн болон Зөв хүн электорат эвслийн улс төрийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд дэвшүүлж ч болно” гэсэн байдаг. Түүнчлэн ХҮН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших санал тавьсан талаар эдийн засагч Д.Жаргалсайхан клабхаусын хэлэлцүүлгийн үеэр дурдсан.
Тэгвэл С.Ганбаатар, Тордайн Ганболд нар ХҮН-ынхантай очиж уулзсан гэх мэдээлэл ч сонсогдож байна. Тордайн Ганболд нь өмнө нь ХҮН-д байсан. Гэвч, ХҮН-ыг тараасан гэж буруутгагддаг. Мөн Н.Алтанхуяг ч ХҮН-ыг тойглох болсон сурагтай. Ц.Оюунгэрэл ч ХҮН-ынхантай ойр, ойрхон уулзах болсон гэх мэдээлэл байна.
А.АНАР