2024.10.4, Friday
spot_img
НҮҮРiPEN PlusЦас шиг ШҮЛЭГ, БОРОО шиг ӨДРҮҮД

Цас шиг ШҮЛЭГ, БОРОО шиг ӨДРҮҮД

Гадаа цас шиг бороо, бороо шиг цас орном. Цаг үргэлж ийм байвал гунигтай яа. Хөл хорионд орсон хот бүхэлдээ ажин түжин. Ийм хотод амьдарвал гунигтай яа. Ийм л гунигтай эсвэл эмо өдрөөр шүхрээ бариад ганцаараа алхмаар, шүлгийн ном номын дэлгүүрээс авмаар. Аль эсвэл хаа нэгтээ хэн ч ордоггүй уушийн газарт ганцаараа бодолд дарагдан суумаар. Гэвч гарч болохгүй, хөл хоригдсон. Эмо энэ өдөрт зориулсан бороотой таван шүлгийг “дарс” болгон шиммуй.


БОРООТОЙ ӨГЛӨӨ

/бороо гэдэг өнгөрснөө мартаж чадаагүй тэнгэрийн гунигт үг…/

Бодлогоширсон цонх нүд шиг нулимсарна.

Бороо яахав дээ. Нөгөө л бороо шүү дээ.

Босьё доо…

Хөнжилдөө гал ноцтол

Бодлоо гээд, дэргэд чи ирэх биш.

Навчсан шүхэртэй наадаад байх шиг хэрнээ

Намрын бороо цаанаа л нэг уйтай.

Намайг сэрээсэн дээвэр төмрийн нижигнээ

Намсан намссаар дасал болчих нь гунигтай.

Болиосой доо гэмээр уйлагнанхан зүсэрч

Бодлоор болдоггүй бороо цонхонд нулимсарна.

Сарнайд өргөс ургаагүй бидэн хоёрын зун

Сайхан зүүд л болохоос, ямар дуртатгал биш.

Босьё доо… /Г.Аюурзана/

ТАВДУГААР САРЫН БОРОО

Гэзэгний үсээ сэгсэрч бороон дор хаврын охид зогсоно

Гоо сайхныг нь тэнгэр таалах мэт бороо зөөлхөн шивэрнэ

Өөртэй минь адил гуньж чаддаг охины тухай

Өөрт минь илүү сайхныг нээх мэт бороо шивэрнэ

Яг одоо би чиний нэрийг тэнгэрт хашгирч

Ягаахан усан хөшгийг цуу татан аянга болмоор байна

Тэгэхэд чи хэн рүү ус дуслуулан гүйж

Тэврүүлэхдээ нойтон цээжээ яаж наах бол оо! /А.Эрдэнэ-Очир/

ӨДӨР ШӨНИЙН ТУРШИД БОРОО

Өдөр, шөнийн туршид бороо шивэрлээ

Өмссөн хувцас, өр зүрх минь шал нойтон

Өрөөлийн өвөрт гээсэн аз жаргал минь

Өнөө хаана төөрснийг

Хэн мэднэ, мэдээд ч яах юм. /Р.Эмүжин/

БОРОО Л ОРООСОЙ

Бороо л ороосой

Ижийн минь тэрлэгний өнгө шиг

Нэг л дулаахан бороо л ороосой

Бороо л ороосой

Өвсний толгой дээр сүү асгачихсан юм шиг

Нэг л сайхан бороо л ороосой

Бороо л ороосой

Голын усанд уруулаа дүрэн зогсох морь шиг

Солонгоор инээсэн бороо л ороосой

Бороо л ороосой

Сарны туяанд, бүсгүй хүн даашинзаа

Тайлах шиг

Тийм л тув, тунгалаг бороо л ороосой

Бороо л ороосой

Нозоорон буй цагны зүүнд хавчуулагдсан нарны зовхи шиг

Бодол хөндүүрлэсэн бороо л ороосой

Бороо л ороосой

Нойтон болжмор тооноор орж ирээд,

Миний орны хөлд суух шиг

Аяс намуухан бороо л ороосой

Бороо л ороосой

Нүгэлд хорсож улайссан нүдний хирийг угаачихмаар

Бурханы нулимс шиг бороо л ороосой

Бороо л ороосой /Г.Баяр/

АНИРГҮЙН ЭГШИГ

Анир гүмхэн үдшийн нялх нахиаг тэмтэрч

Аяс үесхэн борооны болор дуслууд нисэлдэнэ

Шанх задгайлах чиний туяхан хурууны завсраар

Шаргалхан сарны алтлаг туяа урсана

Тэрлэгний чинь хормой дээр өнчин зоргол мэт хэвтээд

Тэнгэрт ямар од нисэхийг чиний нүдэнд үзмээр байна /Ц.Бавуудорж/

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!