Улсын онцгой комиссын Шуурхай штабаас Улаанбаатар хотод маргаашнаас эхлэн өдөрт 60 мянга орчим хүнийг вакцинжуулахаар болсныг дуулгав. Дархлаажуулалтын 120 цэг ажиллуулж, 281 баг гарган, вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Тэгэхдээ хуваарийн дагуу иргэдийг вакцинжуулах юм байна.
Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Өнөөдөр 300000 тун “Вероселл” вакцин буулаа. Шөнө болон маргааш дахин тус бүр 300,000 тун вакциныг татан авна. Монгол Улс өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийнхээ 31 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Маргаашнаас эхлэн өдөртөө 49000-аас дээш тооны хүмүүсийг хоёр дахь тунд хамруулахын зэрэгцээ 50-аас дээш насныхан буюу эрсдэлт бүлгийн хүмүүсээ вакцинд хамруулна. Өдөртөө 60000 орчим хүнийг вакцинд хамруулна гэж тооцоолж байна. Гэхдээ хүн бүхэн дур мэдэн эдгээр 120 цэг дээр очино гэсэн үг биш. Дөрөвдүгээр сарын 9, 10,11-нд давтан тунгаа авах ёстой байсан иргэд маргааш, нөгөөдөр вакцинжуулалтын цэг дээр очоорой. Хороо, хэсгээс та бүхэнд утсаар болон өөр бусад хэлбэрээр мэдээлэл өгч, хаана, хэзээ нэмэлт вакциндаа хамрагдах боломжтойг мэдээлнэ” гэв. Мөн УОК маргааш хуралдаж, ЭМЯ-наас гаргасан хөл хориог сунгах саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ.
А.АНАР