2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР1Х.Баттулга: Ардын намыг тараах нь ариун хэрэг мөн

Х.Баттулга: Ардын намыг тараах нь ариун хэрэг мөн

Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсон нь Х.Баттулгын хувьд амжилт, Монгол Улсын хувьд эмгэнэл боллоо. Тэрбээр дахин нэр дэвшихийн тулд улаан цагаандаа гарч, улайран зүтгэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.04.22/ Төрийн ордны гадна дахин мэдэгдэл хийж, МАН-ыг тараахыг шаардав. Мөн ард иргэддээ хандаж уриалга гаргасан нь айдас төрүүлж байна. Түүний уртаас урт мэдэгдлээс гол санааг нь хүргэе.

“Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд “төрийн эрх баригч Монгол ардын нам улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчсөн, “төр төвт” тогтолцоог нэг намын дангаар ноёрхолт төрийн тогтолцоонд шилжүүлсэн, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангаж гагцхүү хуульд захирагдан ажиллах үүрэг, тангарагтай төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг, зорилго, үйл ажиллагааг дарамтлан гажуудуулсан, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтнуудыг Монгол ардын намын үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргасан, улмаар Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг сулруулсан, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн зүй бус үйл ажиллагааг явуулж, өөрийн намыг цэрэгжсэн бүтэцтэй болгон хэлбэржүүлж байгааг тогтоон, энэ намын үйл ажиллагааг даруй таслан зогсоох шаардлага үүссэнийг Та бүхэндээ хариуцлагатайгаар мэдэгдсэн.

Монгол ардын намын энэхүү хууль бус дарангуйлал нь төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг гажуудуулах, хараат бус байдлыг нь бүрэн алдагдуулах,  цэрэгжсэн бүтцээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийх, санал хураалтыг будилуулах, санал худалдан авах ажлыг гүйцэтгэх зэрэг ноцтой нөхцөл үүсгэж буй бөгөөд энэ нь улс төрийн намын хэрхэвч хийж болохгүй хориотой үйл ажиллагаа юм.

Учир иймд, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3, 4, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Дотоодын аюулгүй байдал” гэсэн 3.3 дахь хэсгийн “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн” гэснийг болон уг үзэл баримтлалын 3.3.1, 3.3.1.1, 3.3.1.3, 3.3.1.6, 3.3.3.3, 3.3.3.4, 3.3.4.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон, Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг нотлон зарлаж,  Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Дээд шүүхэд хүргүүлэхээр захирамжилсан болно.

Монгол ардын намын зүгээс намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүйг ихэд хичээн явуулж байгаа ядмаг үйл ажиллагаанд энэ шийдвэр огт хамааралгүй бөгөөд тэдний энэ арчаагүй үйл ажиллагаа Улс Монголынхоо төлөө зүтгэх миний цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй гэдгийг мөн онцлон дурдах байна. Нэр дэвших, дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл юм.

Монгол төрийн тэргүүний албыг хаших хувь тохиосныг би өөрийн үндэстэн, төрийн төлөө, хуулийн засаглалтай цэгц шударга нийгмийг цогцлоохын төлөө, улс орныхоо мандан бадралын төлөө ажиллах боломж хэмээн харж, өргөсөн тангаргаа үл умартан, үнэнчээр хэрэгжүүлж ирлээ. Миний бие Монгол Улсын Үндсэн хууль дээр гараа тавьж, ард түмэндээ өргөсөн тангаргийнхаа дагуу улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны хөгжил дэвшилд учирч буй саад, бэрхшээлийг арилгах, аюул заналыг зогсоох, мэргэшсэн чадварлаг төрийг төвхнүүлэх, ардчилсан төрийн дэглэмийг бэхжүүлэх, өрсөлдөөнт эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх, улсын баялгийг нийт ард иргэддээ тэгш, шударга хуваарилахын төлөө хичээн ажиллаж байна. Цаашид ч үл зогсох болно.

Ард түмний төр барих эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа, Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд ээ,

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, нийт шүүгчид ээ,

Монгол Улсын төрийн нийт албан хаагчид аа,

Би Монгол Улсын төрийн тэргүүний хувьд Та бүхнийг, Монгол төрд зүтгэж байгаа хүн бүрийг төрийн дээр, хуулийн дээр заларч “хаанчилж” байгаа Монгол ардын намын удирдлагын дарангуйллаас ангижруулахыг зорилоо.

Үндсэн хуулиа дээдлэн сахиж хамгаалах, гагцхүү хуульд захирагдан ажиллах боломжийг бүрэн олгохоор зорилоо.

Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргээ нийт ард түмний өмнө нэр төртэйгөөр гүйцэтгэх эрхэм үйл хэргийн чинь үүдийг нээж өгөхийг зорилоо.

Та бүхнийг эрх баригч намын хууль бус дарамт шахалтыг эсэргүүцэх, хууль бус үүрэг, даалгаврыг биелүүлэхээс татгалзах, хуулиар хамгаалуулж, хуулийнхаа дагуу ажиллах эрх, эрх чөлөөнд уриалан дуудлаа.

Хууль Та бүхнийг намын заналхийлэл, хяналт, дарамтаас бүрэн хамгаална. Итгэж сонгосон, томилсон монгол түмнийхээ эрх ашгийг Монгол ардын намын эрх ашгаас дээгүүрт өргөөрэй.

Тангаргаа сахиж, ард түмэндээ үйлчлэх үүргээ сайтар тунгааж, үр хүүхэд, ирээдүй хойчсынхоо өмнө нүүр бардам, нэр төртэй байх эрхээ санаж хичээгээрэй.

Эрх баригчид аа, Монгол ардын намын эрх мэдэлтнүүд ээ,

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд, өөрийн эрхэлсэн ажил, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргийн хүрээнд Монгол ардын намыг тараах хуулиар тогтоосон нөхцөл, шаардлага бүрэн бүрдсэнийг тогтоосноо ийнхүү дахин нотолж, зарлаж байна.

Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “улс төрийн намыг тараах нөхцөлүүдийг нэг бүрчлэн зааж, тийм нөхцөлд, ийм байдалд шилжин орсон намыг Улсын дээд шүүх тараах үүрэгтэй байх”-аар хуульчилсныг дахин сануулъя.

Монгол Ардын нам улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж ирснийг, явуулж байгааг надаас өмнө зарим иргэн, улс төрийн нам Улсын дээд шүүхэд мэдэгдэж, тараах шийдвэр гаргахыг удаа дараа хүсэж байжээ. Гэвч Улсын дээд шүүх нотлогдохгүй байна гэх үндэслэлээр тухай бүр нь буцаасан байна.

Өнөөдөр, төрийн эрх мэдлийг булааж, эзэрхийлсэн Монгол ардын намыг Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг илэрхий зөрчсөн, зүй бус үйл ажиллагаа явуулж байгааг нотлох чадамж хэнд байна вэ?

Ийм бурангуй нөхцөл байдалд Монголын ард түмнийг, Үндсэн хуулийг хэн хамгаалах вэ?

Эрх мэдлийн хяналт-тэнцвэрийг хэн хангаж өгөх вэ?

Энэ бол Монголын нийт ард түмнээс мандат авч сонгогдсон, тэднийг төлөөлж байгаа, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахиулан хамгаалах үүрэгтний хувьд надад оноогдож буй түүхэн үүрэг, зайлах аргагүй хариуцлага гэж үзэж байна. Би ард түмэндээ үйлчлэх тангарагтай хүн. Монгол ардын намыг хуулийн дагуу тараах нь хуулийг дээдэлж байгаа үйлдэл, өргөсөн тангаргаа сахиж байгаа ариун хэрэг мөн” гэжээ. Үндсэн хуулийг иргэдийн адил Х.Баттулга өөрөө ч сахих учиртай юм.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!