2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР3Эрх мэдэлтнүүдийн зөрчил Монголыг цар тахалд живүүлэв

Эрх мэдэлтнүүдийн зөрчил Монголыг цар тахалд живүүлэв

Худалч хүнд сар гаруйн өмнө цар тахлыг энгийн ханиад мэт бодож, хэнэггүйтэж суусан монголчууд гамшигийн өмнө хүчин мөхөсдөж байна. Сөүл, Токио зэрэг олон хүн амтай хоттой харьцуулахад Улаанбаатар тэг чигтээ тахлын голомт болжээ. Зөвхөн Улаанбаатар ч биш хөдөө орон нутагт халдварын тохиолдол өсч, Монгол бүхэлдээ “улаан бүс” болж хувирав. Энэ бол УОК болон НОК уялдаа холбоогүй ажлын үр дагавар юм. Монголд анх дотоодын халдвар бүртгэгдсэн үеэс л УОК, НОК хоёр нь уялдаа холбоогүй, нэгдсэн стратегигүй ажиллаж ирсний горыг ард түмэн амсаж, МАН-ын бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн золиос нь энгийн иргэд болж хувирав. Энэ бүгдэд хэн ч хариуцлага хүлээсэнгүй.  Ерөнхийлөгч нь бүх нийтийн дархлаажуулалтын эсрэг суртал ухуулга, хар пиар хийж, иргэдээ төөрөгдүүлэхээс ичсэнгүй. Иргэд хүндэрч, амь насаа алдаж байвал эрх мэдэлд нь тустай гэж, онц байдал тогтоогоод онцгой эрх мэдэлд хүрнэ гэж бодоогүй байлтай. Нөгөө талаар МАН-ын эрх баригчид 3 сая иргэндээ 300 мянган төгрөг тарааж байхаар вакцин авчраад дархлаажуулалтаа эрчимжүүлсэн бол хэчнээн хүнийг халдвараас хамгаалах байсныг хэлэхэд хэцүү. Жил гаруйн хугацаанд МАН-ын хий хоосон сүрийг үзүүлээгүй, асуудалд бодитой, ухаалаг хандсан бол байдал арай ч ийм дээрээ болохгүй байсан. Бидэнд бэлээхэн сургамж байсан. Алтанбулагийн боомт дээрээ тусгаалах байр барьж, авлига, хахуулиа нэгдүгээрт тавиагүй бол иргэд амиа алдахгүй байх боломжтой байсан.

Улсад хоногтоо бүртгэгдэж буй халдварын тохиолдол 1000 хол давж, өдөртөө хэд, хэдээрээ ковид-19-өөс болж амиа алдаж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1328 хүнэээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 26692 боллоо. Мөн хугацаанд 426 хүн эдгэрсэн бол таван хүн нас барсан харамсалтай мэдээлэлийг ЭМЯ-наас өглөө.

Улсын хэмжээнд өнөөдөр ковид-19-өөр өвчилж эдгэрсэн хүний тоо 13772 болсон бол уг өвчний хүндрэлээр 61 хүн нас бараад байна. Гурван сая гаруйхан хүн амтай Монголын хувьд энэ бол дэндүү эмгэнэл.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ковидгүй зуны төлөө гэх урилга дэвшүүлсэн. Гэвч, энэ байдлаараа бол ковидгүй зун болох хөг өнгөрч байх шиг. Эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдынхаа үгийг тоолгүй зөвхөн улс төрийн ашиг хонжоо харж, сошиалын сэвээгээр ажлаа хийгээд байх юм бол хохирол гамшигийг тооцоход ч хэцүү болно.  Улстөржсөн шийдвэр гарч, улс төрийн эрх ашгийн төлөө энгийн иргэдээ золиосолж буй эрх мэдэлтнүүдээ, Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, УИХ-ын гишүүд ээ, УОК-ын даргаа одоо хэрүүлээ больцгоо.

Д.ШООВДОР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!