Шадар сайд С.Амарсайхан хүүгийнхээ сургалтын төлбөрийг Боловсролын зээлээр төлүүлсэнд иргэд бухимдсан. Энэ талаар Шадар сайд нүүр номдоо тайлбар хийжээ.
“Миний хүү Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтанд хамрагдсан асуудал цар тахалтай тэмцэх амаргүй үетэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд шүүмжлэл,бухимдал дагуулж буйд иргэдээсээ хүлцэл өчье.
Хүү А. Эрдэнэхүслэндээ
Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн оюутан болж, амьдралынхаа шинэхэн хуудсыг дөнгөж нээгээд буй хүүгийнхээ өмнөөс аав нь энэхүү шийдвэрийг гаргахад хүрсэн шалтгааныг хожмын өдөр хүү минь ойлгоно гэдэгт итгэж байна. Өнгөрсөн жил хүүгээ Их Британийн Бристолын их сургуульд хэний ч дэмжлэггүй тэнцээд хэрхэн догдолж байсныг аав нь мэднэ. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн сонгон шалгаруулалтад бэлдэхийн тулд сүүлийн 2-3 жил хүүгээ яаж хичээснийг ч сайн мэднэ. Өөрийнхөө хүсэл зорилго, мөрөөдлийн төлөө олон шөнийн зүтгэлээрээ, бүхнээ дайчлан хичээсний үр дүнд дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг давж элсээд, Боловсролын зээлийн нөхцөл болзолыг хангасан тухай хөөр баяртайгаар аавдаа хэлэхэд нь эцэг хүний хувьд би
“Аавынх нь улс төр, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө”, миний хүү наадахаа боль гэж хэлж зүрхлээгүй юм. Учир нь улстөрч Амарсайханы биш ирээдүйдээ итгэл дүүрэн Эрдэнэхүслэнгийн зорилго, хичээл зүтгэлийн үр дүн байсан.
Эцэг, эхчүүд бид үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хорьж цагдах учиргүй, бусдын төдийгүй улс орныхоо өмнө хариуцлага үүрэх чадвар суулгаж, ялангуяа өөрсдийн эрх ашгийн үүднээс өмнөөс нь шийдвэр гаргах ёсгүй учраас тэр.
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд түүний буруу гэж огт үгүй.
Харин аав нь өнөөдөр хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаагийнхаа төлөө хүүгийнхээ өөрийн хичээл зүтгэлээр олж авсан боломжийг бусдаар үгүйсгүүлж, чичлүүлэхэд хүргэж буйд аавыгаа өршөөгөөрэй.
Үүнийхээ ч төлөө эцэг хүний гэмшлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч сууна. Эцэг хүн үрийнхээ өмнө гэмших амар байдаггүй аж. Хожим ийм байдалд хүү минь бүү ороосой гэж аав нь бас хүсч байна.
Иймд энэ удаа хүүгийнхээ өмнөөс шийдвэр гаргаж байна.
Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ,хөтөлбөрөөс татгалзаж байна..
Бизнесийн салбарт ажиллах хугацаандаа олон зуун оюутны сургалтын төлбөрийг хариуцаж, залуусын эрдэм боловсролд хөрөнгө оруулж ирсэн аавынх нь хувьд хүүгийнхээ сургуулийн төлбөрийг улсын зээлээр төлүүлэх санаархал байхгүйг хүү минь мэднэ. Хүү шигээ олон залуусын боломжийг хулгайлахгүйг ч бас мэднэ. Энэ нийгмийн эрхэм үнэт зүйлс болсон хүүхэд залуусынхаа итгэл, урам зоригийг мохоох зүйл хийхгүй.
Хүүгийн минь ирээдүй, хүүтэй минь адилхан мянга мянган залуусын ирээдүй саруул байг!