2024.10.4, Friday
spot_img
НҮҮР1Цэцэг барьсан цэмцгэр дарга "цэвэрхэн" хүн биш байжээ

Цэцэг барьсан цэмцгэр дарга "цэвэрхэн" хүн биш байжээ

Энэ хүнийг С.Амарсайхан гэдэг. УИХ-ын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга гээд цол гуншин ихтэй. Монголын толгой баячуудын нэг. Өөрийнх нь жилийн орлого 83 сая, гэр бүлийнх нь жилийн орлого 173 сая.  Нийт 10.7 тэрбумаар үнэлэгдэх гурван орон сууцтай. 202 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашинуудтай. 225 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 4.5 тэрбум төгрөгийн авлагатай.

“Оюуны Ундраа” групп, “МСГ” ББСБ, “ Эво вэлнэс” компаниудад хувь эзэмшдэг. Гэхдээ энэ бол хоёр жилийн өмнөх буюу түүний хотын дарга байхдаа АТГ-д мэдүүлсэн ХОМ дэх хөрөнгө нь.

Харамсалтай нь, тэрбумтан тэрбээр хүүгийнхээ сургалтын төлбөр болох 77 сая төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлсэн баримт нь дэлгэгдээд байна.

С.Амарсайханыг Шадар сайдаар томилогдсоноос ердөө 17 хоногийн дараа хүү нь Боловсролын сангийн зээлд хамрагдсан байДАГ.

Илүү тодорхой хэлбэл, энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Амарсайханы хүү Эрдэнэхүслэнгийн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Английн Бристолын Их Сургуульд сурах сургалтын төлбөрт 27 166 ам.доллар буюу 77 сая 423 мянга 100 төгрөгийг улсаас төлжээ.

Ардын хүүхдэд хүсээд ч олддоггүй боломж С.Амарсайханы хүүд “ногоон гэрлээр” нээлттэй олдов. С.Амарсайхан тэрбумтан, бизнесмен хүний хувьд хүүгийнхээ төлбөрийг өөрөө төлчих чадвартай болохыг түүний ХОМ-ээс харж болно.

Эхнэр хүүхдэдээ ийнхүү давуу эрх эдлүүлснийх нь төлөө ёс зүйтэй улсад бол С.Амарсайхан аль хэдийнэ огцорчихсон байх байсан. Гэтэл ичих булчирхайгүй дарга гуай эхнэр Ч.Ичинхорлоогийнхоо үйлдлийг зөвтгөсөн шигээ тайлбар өгч суусныг иргэд мартаагүй биз.  “Өвчин туссан хоёр хөгшнөөр битгий улстөржөөрэй” гэсэн Шадар сайд өөрөө л өвчин туссан хадам хөгшидөө улс төр болгож суусан нь увайгүй хүргэний шинж л дээ.

Харахад жентельмэн төрхтэй түүний үзэсгэлэнт эхнэр, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо “ээж аавын сайн охин” учир эцэг эхээ асрахаар ХӨСҮТ-ийн улаан бүс рүү нэвтэрсэн. Гэвч даргын эхнэрт ардын хэвтдэг эмнэлэг таалагдаагүй. Тиймээс ХӨСҮТ-ийн орчин нөхцөл голсон тул “ороод гарч”.  Тэр бол Шадар  сайдын эхнэр, тийм учраас тэнэгтэх эрхтэй. Энгийн иргэд харин ээж аавтайгаа уулзах эрхгүй, тэд Ч.Ичинхорлоо шиг эрх дархтай хүний эхнэр биш. Энэ үйлдэлдээ эхнэр Ч.Ичинхорлоо нь  Зөрчлийн тухай хуулиар дор хаяж 500 мянган төгрөгөөр торгуулах ялтай. Үнэндээ, Монголын улстөрчид ичих булчирхайгүй, идэх донтой. Ийм болохоороо Монгол хөгждөггүй юм шүү дээ.

Хайртай эхнэрийнх нь увайгүй үйлдлийг ил болгосон ХӨСҮТ-ийн эмч нарыг харлуулах пиарыг УОК-оос хийгээд эхэлсэн гэх хардлага ч эмч, эмнэлгийнхэнд байна. Ковид-19-өөр олон хүн өвдөж, нас барж буй энэ үед Монголд эхнэртээ үг хэлж чаддаггүй Шадар сайд биш иргэдээ эмчилж, эдгээдэг сайн эмч хэрэгтэй байна.

Иймээс эмч нар нэгдэж УОК ажлаа хийж яваа эмч нараа харлуулж, хар пиарын золиос болгохгүй байхыг сануулав. Монгол цар тахал нэрвэгдэх шалтгаан нь эмч нар биш эрх баригчдын бодлого байсныг шууд зарлав.  Уг нь Шадар сайд шаралхаж, ХӨСҮТ рүү ноцож суухаар  уучлал гуйгаад огцорчихсон бол жинхэнэ жентельмэн харагдах байв.

Түүнийг хотын дарга байхад гомдол, шүүмжлэл ч тасардаггүй байсан. Туул голын бургасыг хадсан  “Зүүнбаян рэйфанери” компани нь хотын даргын төрсөн ах С.Уламбаяр гэж хүнийх байсан юм. Ойр дотны хүнийх нь хамаарал бүхий компани нь хотын ногоон бүсийг хядсан асуудалд С.Амарсайхан мөн л хариуцлагаас зугатаж үлдсэн байдаг. Туулын бургасыг хядаж, байгаль  орчинд 9.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж Нийслэлийн байгаль орчны газраас оноосон торгуулийг прокуророос хэрэгсэхгүй болгосон нь сайн дүүгийн “тус нэмэр” байж мэднэ. Иргэдийн зүгээс С.Уламбаяр гэх ахынхаа үйлдэл хотын дарга огцрох ёстой гэсэн шаардлага тухайн үед тавьж байлаа.

Өнгөрсөн оны намар Нийслэлийн Засаг даргаар томилогдсон даруйдаа Д.Сумъяабазар “Энэ тролл багууд их зохион байгуулалтай байгаа, өмнөх удирдлагуудын булай булхай луйвар шахаануудын гаргаад ирэх вий гэж та хэдийг хөлсөлсөн болж таарлаа гэж би бодож бна.. Ингэх тусам бэлдэж байгаад тус тусд нь үндэслэлтэй хөдлөшгүй нотлох баримтын хамт гаргаад өгнө өө” гэж жиргэж байв.

Гэх мэтчилэн Шадар сайдтай холбоотой таагүй мэдээлэл иргэдийг бухимдуулдаг. Ёстой л гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг шиг цэцэг барьсан ганган дарга маань “цэвэрхэн” хүн биш байжээ.

А.Чандмань

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!