2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР1Баячууд зодолдоход барлагийн дээлэнд цус үсэрдэг

Баячууд зодолдоход барлагийн дээлэнд цус үсэрдэг

Харизм, характер нь ижилхэн, боевик дүр төрхтэй улаан ба хөх булангийн тамирчдын зодоон улам ширүүсч байна. Тэдний хөлд Монголд Улс үрэгдэх нь холгүй, тэд дэлхийг ч “сөнөөж” мэдэхээр дүрэмгүй зодолдож байгаа юм. Улаан булангийн тамирчны хүнд нударгыг хэдэнтээ амссан хөх булангийн нөхөр хүчээ нөөж, нөөж байгааг хариу цохилт хийлээ. Хөгжөөн дэмжигчид  нь гол усаар нэг талцан, маргалдаж байна. Зодооны техник ойролцоо, хоёр тамирчин жинхэнэ утгаараа бохир тоглолт үзүүлж эхэллээ. Боловсолгүй хүмүүсийн арга барил ч адилхан ажгуу. Сайн ахаасаа сурсан бүх мэхээ улаан булангийн тамирчин баруун солгойгүй ашиглаж байна. Хөх булангийн тамирчин тамирдаж, тамирдаж, сүүлийн үлдсэн мэхээ хийв. Түүний хувьд дэвжээгээ нураагаад дараа нь гудамжинд гарч зодолдохоосоо сийхгүй болов.

Хоёр булангийн тамирчид барилдаж нэг үзэв. Нохой зодолдов. Нум сум тавьцгаав. Бие, биеийнхээ арга залийг мэдэх тэдний суманд энгийн иргэд оногдох магадлалтай. Монголын өнөөгийн улс төрийг хошин маягаар тайлбарлавал нэг иймэрхүү.

Гурван жилийн өмнө МАНАН гэх мангастай хамтдаа “байлдаж” явсан тэд хонь,чонодоо хүрлээ. Мангас нь одоо өөрсдөө болов

Эхний сумыг Ардын намын дарга У.Хүрэлсүх тавьсан. Тэрбээр “Миний итгэж, найдаж, хамтарч явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймэн самуунд турхирч, жагсаалыг улстөржүүлсэн. Гэмгүй хүмүүст ял өгдөг, сонгуулийн өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж болохгүй” гэж хэлээд Ерөнхий сайдын суудлаасаа огцорсон юм. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг огтоос тааварлаагүй нүүдэл байсан агаад гэнэтхэн хүнд нударга амссандаа шаралхаж, чуулганы хуралдаанд гүйж ороод “Монгол Улсын Ерөнхий сайд яагаад ийм үйлдэл хийх болов, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг үйлдэл яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхав. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэж байсан Ерөнхий сайдаас маань ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй” хэмээн уйлагнаад нүдэнд нь өртсөн Сү. Батболдыг “зодож, зодчихоод” гараад явсан билээ. Үнэндээ өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад гэгчгээр Х.Баттулгын гурван сарын өмнөх үг ба өчигдрийн үйлдлийг нь харьцуулж дүгнэвэл төрийн эргэлт хийхийг завдсан нь Сү.Батболд биш Х.Баттулга байлаа.

У.Хүрэлсүхийн тавьсан суманд Х.Баттулгын ойр хавийнхан бүгд өртөж шархадах нь шархдаж, гэмтэх нь гэмтсэн. Тиймээс  “шархандаа” халуурсан Х.Баттулга  У.Хүрэлсүхийг “элэгдэж” авсан нь МАН-ыг тараана гэх цочир мэдэгдэл.  Орой нь МАН-ын гишүүд Ерөнхийлөгчийн дүрэмгүй тоглолтын эсрэг сумаа ээлж дараагүй тавив. Гэвч, өнөөх нь яахин тоох.

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам, бохир пиарт гаршиж, бусдыг бичлэгээр нь бөлдөгдөж явсан хоёр хүнд гарын нохой зодоон улам ширүүсч байна.

Ардын зодооноос үсэрсэн цус ноёдын өвөрт зоос болон ордог бол, ноёдын зодооноос үсэрсэн цус ардын нуруун дээр зовлон болон бөхийлгөдөг!

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!