Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2021.04.15/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзсан байна. Тэрбээр Замын-Үүд боомтын үйл ажиллагаа доголдож, хүнс ачаа тээврийн эргэлт саатаж байгаатай холбогдуулан хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын Элчин сайдтай ярилцжээ.
Ярилцжээ ч гэж манай дарга нар бараг л гуйж, царайчилсан байлгүй. Угаасаа одоо Хятадын вакцин нь тулсан цагт монголчуудын аминд орж магадгүй нөхцөл байдал үүссэн.
Засгийн газраас тавдугаар сарын 1 гэхэд хүн амын 60 хувийг вакцинжуулахаар төлөвлөж байсан ч төлөвлөгөөнд саатгал гарсан. Дөрөвдүгээр сарын эхээр татах авах вакцины тээвэрлэлтэд асуудал үүссэнийг өнгөрсөн Бямба гаригт Засгийн газрын сайдууд иргэддээ мэдээлсэн билээ. Одоогоор 600 мянган гаруй хүн вакциныхаа эхний тунд хамрагдсан. Харин дараагийнхаа тунг хэзээ хийлгэх нь тодорхойгүй. БНХАУ-ын Өвчний хяналтын төвөөс Хятад вакцины эхний тунг тарьснаас 3-8 долоо хоногийн дотор хоёр дахь тунгаа тариулах нь вакцины үр дүнг сайжруулах боломжтой хэмээн 2021 оны 3-р сарын 28-ний өдөр мэдэгдсэн байдаг. Тиймээс ЭМЯ-ны эрдэмтэд, судлаачид 56 хоногийн дотор вакцины хоёр дахь тунгаа хийлгэж болохыг зөвлөж байгаа юм.
Тэгэхээр Монголын Засгийн газар иргэдээ 56 хоногтоо багтааж вакцинжуулах байх.
Хятадын Элчин сайд хилээр нэвтрэх ачаа барааны эргэлтийг хурдасгахад анхаарахаас гадна “Синофарм” компаниас худалдан авах гэрээний дагуу ойрын хугацаанд вакцины нийлүүлэлтийг хийх амалсан бололтой.
Албан бус мэдээллээр Монгол Улс энэ сарын 21, 23, 26, 30-нд БНХАУ-аас дөрвөн удаа вакцин татах авалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа сурагтай. БНХАУ-ын Засгийн газар болон Ардын чөлөөлөх армиас 300 мянган тун вакцин бэлэглэсэн. Ядаж л эргээд баярласан талархсанаа илэрхийлэхгүй бол Европын холбоог гомдоосон тал бидэнд бий.
Ер нь Монголчууд гуймтгай мөртлөө голомтгой. Саяхан л хятад вакцин хийлгэхгүй, хортой гэж цамаархаж суусан иргэд өдгөө хийлгэх вакцин олдохгүйд бухимдаж сууна.
Засгийн газраас 1.3 сая тун “Спутник” вакцин ОХУ-аас худалдаж авахаар тохиролцсон. 300 мянган тунг нь бонус болгож өгнө хэмээн амлаж, энэ дөрөвдүгээр сарын эхээр вакцинаа нийлүүлнэ гэж суусан орос “ах нар” нь монгол дүү нараа молигдов уу яав, Оросоос хэзээ вакцин орж ирэх нь тодорхойгүй сураг тасрав. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссоос “Спутник-V” вакцин худалдан авах хүсэлтийг ОХУ-д тавьсны дагуу Монголд нэг сая тун вакцин нийлүүлэх болсноо ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб дуулгаж байснаас хойш лав 20 гаруй хонож байгаа юм.
Оросоос ирэх вакцины сураг тасарсаны цаад шалтгааныг Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбох хүмүүс цөөнгүй байна.
Олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгч ОХУ-д суугаа Монголын Элчин сайд Д.Даваад хувийн хэвшлийнхэнд вакцин битгий нийлүүл гэж оросуудад “шургах”-ыг даалгасан гэх “бор шувуу” олон нийтийн сүлжээнд жиргэж байна.
Хүнд хэцүү цагт, ах, ах гэдэг оросууд нь монголчуудад гараа тэнийсэнгүй, хаа очиж өнөөх хятадууд нь Монголд вакцин нийлүүлж, бидний аминд орох бололтой. Одоо тэгээд хятад вакцингүй бол, Хятадын тал хилээ хаачихвал монголчууд хамраараа газар хатгахаа нэг муухан ойлгоо байлгүй.
А.АНАР