Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг гэх өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой шүүгч, прокурорынхны баримтууд дэлгэгдсэн. Түүнчлэн зарим шүүгч, прокуроруудтай уулзаж, архидаж, хоол идэж байгаа зураг, бичлэг ч дэлгэгдсэн. Жишээлбэл, шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Д.Отгонбаатар болон прокурор Ц.Насанбат нар нь Б.Баасанцогттой холбоотой болох нь баримтаар тогтоогдсон. Мөн нэр бүхий шүүгчид Б.Баасанцогтоос мөнгө авсан дансны хуулга ч дэлгэгдсэн билээ. Тиймээс зарим нэг шүүгч, прокурортой хариуцлага тооцох асуудал яригдаж буй юм. Нийслэлийн прокурорын газрын дарга Ш.Нямдорж, орлогч Ц.Насанбат нарт ажлаас нь түдгэлзүүлэх, тушаал бууруулах арга хэмжээ авсан. Тэгвэл прокурорын байгууллагаас ажлын хэсэг гарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэгдсэн хууль, хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой 20 хэрэг, хуулийн байгууллагын ажилтнуудын нэр дурдагдсан 86 хэргийг хянан шалгаж эхэлсэн байна.
Мөн Тагнуулын ерөнхий газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнуудын асуудлаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа бол Цагдаагийн ерөнхий газраас нэр бүхий өмгөөлөгч, шүүгч нартай холбоотой асуудлыг шалгаж, харьяаллын дагуу шилжүүлсэн аж.