2024.10.4, Friday
spot_img
НҮҮР1Ерөнхийлөгч өрх бүрт сая төгрөг сар болгон өгөхийг шаардав

Ерөнхийлөгч өрх бүрт сая төгрөг сар болгон өгөхийг шаардав

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, 3.3 сая иргэддээ 300 мянган төгрөг тараахаар болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ” 2021 оны хоёрдугаар сарын 25-нд төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь Оюу толгойгоос татварт төвлөрүүлэх ёстой байсан мөнгө. Гуравдугаар сарын 4-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд 26.5 тэрбум төгрөг Төрийн санд төвлөрсөн. Засгийн газраас баялагтаа эзэн байх зорилтыг дэвшүүлж байгаагийн хувьд болон вакцинжуулалтаа үр дүнд хүргэж, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд, иргэдээ хөл хорионы хугацаанд сөхрөөхгүйн тулд уг эх үүсвэрээ иргэн бүрдээ зориулах нь шударга ёсонд нийцнэ” гэв.

Засгийн газар шийдвэрээ олон нийтэд танилцуулсны дараа Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийг нөхөн олговор болгож, өрх бүрд сар бүр 1 сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн “Арга хэмжээ авах тухай” албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Арга хэмжээ авах тухай” албан бичигт:

“Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих зорилгоор тогтоосон удаан хугацааны хязгаарлалтын дэглэм, олон удаагийн хөл хорионоос үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах, ард иргэд, айл өрхийн амьжиргаанд бий болсон үр дагаврыг өрх бүрд 1 сая төгрөгтэй дүйцэхүйц нөхөн олговор олгох, ингэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар шийдвэрлэх саналыг 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Улсын Их Хурал, Засгийн газарт удаа дараа тавьж ирсэн. Хөдөлмөрлөж орлого олох боломжоо хязгаарлуулснаас санхүүгийн болон сэтгэл санааны хувьд туйлдаж байгаа ард иргэдийнхээ амьжиргааг залгуулах, хэвийн амьдралыг дэмжих энэхүү санаачилгыг Засгийн газар хүлээн авч, энэ удаа хөл хорио тогтоохдоо иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь сайшаалтай байна.

Гэвч хүн амаа бүрэн вакцинжуулж дуустал энэ оны наймдугаар сар хүрэх тооцоолол харагдаж байгаа тул энэ удаагийн иргэн бүрд олгох 300 мянган төгрөгийн нөхөн олговор нь цар тахлын хүндрэл, санхүүгийн бэрхшээлийг даван туулах, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа сэргэхэд хангалттай дэмжлэг болж чадахгүй нь тодорхой юм.

Эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, нийтийн баялгийг цөлмөсөн тодорхой албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийн хөрөнгийг Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Миний бие энэ талаар 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны индрээс тодорхой дурдаж хэлсэн бөгөөд энэхүү хөрөнгөөр наймдугаар сарыг дуустал өрх бүрд 1 сая төгрөгийн нөхөн олговрыг сар бүр олгох, үүгээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэн нийтийн баялгийг цөлмөж, иргэдийн боломжийг хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэж, улсын орлогод авсан хөрөнгийг иргэдийнхээ амьжиргааг дэмжих, ажлын байрыг хадгалахад захиран зарцуулж, цар тахлыг даван туулах чиглэлд хамтран ажиллана уу” гэжээ.

Гэхдээ Ерөнхийлөгчийн өрх бүрд сая төгрөг тараах саналыг Засгийн газар мэдээж дэмжихгүй байх. Өмнө нь нэг удаад, нэг сая төгрөгийн мөнгөн дэмжлэг өрх бүрт үзүүлэх ёстой гэсэн санал гаргаж байсан Ерөнхийлөгч долдугаар сар хүртэл сар бүр сая төгрөг өгөхийг шаардлаа.

Д.ШООВДОР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!