Нэмэлт:
Оргосон цэргүүдийн талаар Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Ш.Лхачинжав мэдээлэл өглөө.
-Хилийн цэргийн 0214 ангийн Дөрөвдүгээр заставын харуул дээр өчигдөр 18:00 цагт Монгол Улсын хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, М нарын бүрэлдэхүүнтэй манаа үүрэг гүйцэтгэсэн. Тэднийг ирэх явцад харуулын дарга нь манаагаа шалгаж буу туршихад, манаа гал нээж харуулын даргаа хөнөөгөөд зугтсан байна. Цэргүүдийн зүгээс ямар нэг дарамт шахалт байгаагүй, харуулын дарга харин ч цэргүүдтэй эвтэй, оюунлаг, шүлэг уншиж өгдөг, хүнлэг харьцдаг нэгэн байсан гэх мэдээллийг өгөөд байна. Аймгаас шүүхийн шинжээчдийн баг газар дээр нь ажиллаж, хууль хяналтын байгууллагууд газар нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна.
Оргосон хоёр цэргийн нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х, нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар юм. Тэд 2020 оны аравдугаар сард татагдаж ирсэн. Хоёр цэрэг Алтай сумын М гэгчийн айлд ороод мотоциклыг нь гуйж аваад явсан байна. Улмаар Алтай сумаас 50 орчим км-т Хонхор гэдэг газарт мотоциклоо орхиод цааш уул руу явсан байдал илэрсэн. Амиа алдсан албан хаагч эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Талийгаач шилдэг албан хаагч байсан. Эхнэр нь хилийн застав дээр цэргүүдийн хоол хийдэг ажил эрхэлдэг.
Цэргийн алба хаагчтай зүй бус харилцах, нэг цохих, өшиглөхөд хариуцлага тооцдог дүрэм журамтай. Харуулын офицер албан үүрэг гүйцэтгэж байхдаа архи уух зэрэг зөрчил гаргавал шууд албанаас чөлөөлдөг. Хэрэг үйлдсэн цэргүүд 18, 19 настай сайхан залуучууд өргөсөн тангаргаасаа няцаад ийм хэрэг үйлдээд явсанд маш их харамсаж байна.
Харуулын даргаа хөнөөгөөд зугатаажээ
Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214-р ангийн хугацаат цэргийн албан хаагчид өчигдөр /2021.04.08/ 22:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарчээ.
Тодруулбал, 19 настай М, Х нар харуулын дарга 34 настай Г-г АКМ буугаар хэд хэдэн удаа буудаж амь насанд нь хүрчээ. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн бөгөөд цэргүүдийг эрэн сурвалжилж байна. Тэд ойролцоох малчин айлын мотоцинклийг нь дээрэмдээд зугатсан байна.
Цэргүүд яагаад оргосон, тэнд дарамт шахалт байсан эсэхийг цагдаагаас тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Тус ангид өмнө нь офицер амиа егүүтгэсэн хэрэг энэ оны хоёрдугаар сард гарсан. Тухайн үед “Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас “Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн офицер өчигдөр өөрийгөө боомилсон байдалтай нас барсан харамсалтай явдал боллоо. Тэрээр гэр бүлийн гачигдлаар чөлөө авч, Алтай сум руу явсан байсан. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна” гэж байв
Ийнхүү он гарсаар хугацаат цэргийн албатай холбоотой таван ноцтой хэрэг гарчхаад байна. Тодруулбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэргийг захирагч нь согтуудаа зодож амь насыг нь бүрэлгэсэн. Байлдагчийг удаа дараа дарамталж, яасан олон хэл мэддэг юм хэмээн зоддог байсан гэх мэдээлэл байгаа юм.
Б.НИРУН
яасан ч хэцүү цаг болоо вэ? энэ салбар бүхэлдээ шинэчлэл хийхгүй бол дампуурлаа. хэтэрхий их дарамтлаад сүүлдээ аргаа бараад ингэсэн юм болов уу, яасан юм бол?
Улсын хилийг хамгаалах үүргээ ухамсарлах чадваргүй, эх орноосоо урваж оргон зайлахдаа нэг айлыг өнчрүүлж орхиод зугтжээ. Тэднийг эх орноо хамгаална гэж итгэж буу зэвсэг олгосон юм.
Цэрэгт анд нөхөд, найз охин, эцэг эхтэйгээ уулзалгүй удаж болно. Цэрэгт дуртай үедээ унтаж, дуртай үедээ идэж, дуртай юмаа хийж чадахгүй байж болно. Цэргийн талх амтгүй байж болно. Хацраа хөлдөөж, гутал нь холгож, халуун хүйтэнд халширч болно. Хөдөө олон жил ажилласан харуулын дарга хоцрогдсон ч байж болно. Гэвч ганцхан жил алба хаахдаа гэмт хэрэг үйлдэж, улс эх орноо хамгаалж хилийн албанд зүтгэсэн энэ олон хүнийг хараалын бай болгож болно гэж үү. Тог цахилгаангүй Алтайн хязгаарт сэтгэлд нь гэрэл гялалздаг хилчдийг мэддэг учраас цэрэг гэхээр л харанхуй харгислал мэтээр ойлгож байгаад харуусч байна.
Гүн эмгэнэл илэрхийлье.