2024.03.29, Friday
spot_img
НҮҮР3С.Зориг агсанд шагнал биш ШУДАРГА ЁС хэрэгтэй

С.Зориг агсанд шагнал биш ШУДАРГА ЁС хэрэгтэй

С.Эрдэнийн болон Ц.Тувааны тодруулсан хоёр шинэ даргын үг олны анхаарлыг татаж, тэр хэрээр санал, шүүмжлэл дагуулж байна.

Ардчилсан намын анхдугаар Их хурлаа хийсэн түүхэн өдрөөр АН-ын хоёр дарга буюу М.Тулгат, О.Цогтгэрэл нар төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсанд Улсын баатар цол нэхэн олгохыг шаарджээ. Уг нь, ардчиллын алтан хараацай гэгддэг С.Зориг агсанд коммунист шагнал биш шударга ёс хэрэгтэй. Түүний яс өнөөдөр ч өндөлзөж, сүнс нь үхлээр нь шоудах Монголын улстөрчдийг хараад үнэндээ ой гутаж байгаа байх. Ийм ардчиллыг, ийм нийгмийг, ийм шударга ёсыг тэр хүсээгүй.

Түүний хүсч хүлээж, бий болгохыг зорьсон ардчилсан нийгмийн утга учир алдагдаж, авторитори тогтох аюул руу Монгол Улс бүр гулсан орж буйд ч эмзэглэн харуусах байсан, тэр энэ бүгдийг амьд сэрүүндээ харсан бол. Түүнд хөшөө, цол, шагнал хэрэггүй. Тэр амьд байсан бол АН-ынхан үнэт зүйлийг нь, МАН-ынхнаас шударга ёс нэхэх байсан.

АН-ын шинэ дарга нар С.Зориг агсанд улсын баатар цол олгоё гэж байснаас түүнийг алсан, захиалга өгсөн хүмүүс ял шийтгэлийг нь өгөх, хэргийг бүхэлд нь төрийн нууцаас гаргахыг шаардах ёстой байв.

Ардчиллыг эхлүүлж, ардчиллаар овоглосон түүний нам өнөөдөр хоёр хуваагдаж, хоёр шинэ дарга нь түүнд Улсын баатар олгоё гэж бас нэгэн улс төр хийгээд зогсож байна. Өнгөрсөн 22 жил С.Зоригийн үхлээр шоудсан Ц.Нямдоржоос ялгарах юм тэдэнд байсангүй. Тэрчлэн хонхны дуугаар иргэдээ сэрээж, ардчиллыг тунхаглаж байсан С.Цогтсайхан энэ мэдээг амьд сэрүүндээ сонссон бол ичих, гуниглах байжээ.

М.Тулгат: Ардчиллын 30 жилийн түүх ард үлдэж буй яг энэ цаг мөчид манай намд үе солигдож байна. Туйлын хүнд нөхцөлд, эгзэгтэй мөчид Ардчилсан намын уг чанар, гал голомтыг эрэлхэгээр авч үлдсэн өмнөх удирдлага, баг хамт олонд чин сэтгэлээс талархал илэрхийлье! Мөн Ардчиллын анхдагч С.Зориг агсан, “Хонх” хамтлагийн ахлагч, сэтгүүлч С.Цогтсайхан агсан нарт Монгол Улсын Баатар цол нэхэн олгох санал гаргаж байна.

О.Цогтгэрэл: Анхдугаар хурлаа хийснээс хойш  31 жил, С. Зориг агсан цаг бусаар тэнгэрт хальснаас хойш 22 жил өнгөрсөн байна. Энэ өдөр ардчилсан үзэл санааны удирдагч, ардчиллын алтан хараацай С.Зоригт  Монгол Улсын Баатар цолыг нэхэн олгох санаачилгыг Ардчилсан Намын зүгээс эхлүүлж байгаагаа Монголын мянга мянган иргэдэд зарлаж байна.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!