Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь багын найз, начин Э.Энхбатыг тархиндаа бэртгэл гэмтэл автал зодсон хэрэг Баасан гаригийн шөнө гарсан.
Э.Энхбатын дух нь цөмөрсөн, дагз нь цуурсан, одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэргийн газар дээр очиход нөхөр нь улаан нялга болтлоо зодуулсан, ухаангүй байдалтай, харин Н.Түвшинбаяр цустай гартай хээв нэг сууж байсан талаар хохирогчийн гэргий Б.Наднинцэцэг хэвлэлийнхэнд мэдээлсэн юм.
Тэд 2003 оноос эхлэн найзалж алдаа, оноо бүхэндээ хамт байжээ. Гэвч, 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсноос хойш Н.Түвшинбаярын ааш, авир илтэд эвдэрч, баярхуу, дээрэлхүү болсон байна. Мөн архи дарсанд донтоод зогсохгүй, найз нөхөд, бусад хүмүүст эр бяраа гаргах болжээ. Хохирогчийн гэргийн хэлснээр хоёр жилийн өмнө гэр бүлийн найз н.Хосбаярыг учир шалтгаангүй зодсоноос болоод Э.Энхбат начин Н.Түвшинбаяраас зайгаа барьж харилцах болсон байна.
Хэрэг болдог шөнө тэд “Их хуралдай” төвд байрлах “MGT Mining LLC” компанийн захирал С.Гал-Эрдэнийн оффист уулзалджээ. Тэнд Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин нар хамт байжээ.
Тэд Ц.Тувааны талын АН-ын хуралд оролцохоор хөдөөнөөс ирсэн байна. Улмаар Ардчилсан намын дотоод сунгаа, шинэ төмөр замын бүтээн байгуулалтын талаар яриа өрнөсөн байна. Хэрүүл, зодоон болсны дараа тэнд “Херо энтертаймент”-ын захирал Б.Баатар явж очсон аж. Тэрбээр “Би Э.Энхбатыг машинд өргөлцөж оруулсан, зодоон болж байхад тэнд байгаагүй” гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн. МХАҮТ-ын дарга О.Амартүвшин Дүнжингарав дээр болсон хуралд ирээгүй нь ийм шалтгаантай байсан бололтой.
Шөнө болсон хэргийг Ерөнхийлөгч Х.Баттулга огт мэдээгүй байжээ.
Ерөнхийлөгч өглөө босоод хэвлэлээс Н.Түвшинбаярын зодоон, цохион хийсэн тухай мэдээг уншаад багтартлаа уурлаж, багагүй бухимдсан байна.
Өмгөөлөгч Б.Баасанцогтын секс скандалын дуулиан намжаагүй, дээр нь шүүгчдийг хахуульдсан байж болзошгүй баримтууд дэлгэгдсэн, прокурор, цэц дэх гар хөлөө “тайруулсан”, ҮАБЗ-ийн дарга А.Гансүхийн 20 сая ам.долларын дуулиан, ОХУ-д хийх айлчлал нь бүтэлгүйтсэн гээд Ерөнхийлөгч Х.Баттулгад санаагаа чилээх асар их асуудалтай байгаа үед нэмэр дээр нэрмээс гэгчээр төдийгөөс өдий хүртэл чирж ирсэн хуурай дүү нь сайн найзаа зодсонд тэрбээр нэлээд бухимдаж, уурласан гэх. Мэдээж, Н.Түвшинбаярын энэ үйлдэл хүссэн, хүсээгүй Ерөнхийлөгчтэй очиж наалдах ч биз.
Н.Түвшинбаяр өмнө нь хүн зодсон, хүчирхийлэл үйлдсэн тухай мэдээллийг цагдаагаас өгсөн ч хэрэг тэгсхийгээд л нам жим болсон. Ийнхүү олон хавар нэгэндээ гэгчээр Ерөнхийлөгч Х.Баттулга гэх ах, том араараа айлгаж, ичээж, эрдэж бярдаж явсан Н.Түвшинбаяр шоронд ордоггүй юм аа гэхэд олж авсан алдар нэр, ард түмний хүндлэлийг алдаж таарах ч биз. Түүний өдүүлсэн хэрэг явдлын талаар зарим хүмүүс олон улсын олимпийн хороонд мэдээлэл хүргүүлжээ.
Д.ШООВДОР