Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр (2021.04.02) Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргажээ.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж, холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллахыг хүссэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг өнгөрсөн гуравдугаар сарын 9-ны өдөр хүргүүлсэн байдаг.
Түүнийг эргүүлэн татах болсноо Ерөнхийлөгч албан бичигтээ тайлбарлахдаа “Элчин сайд Ё.Отгонбаярын ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй. Эдийн засгийг сэргээх, малчин ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэгтэй, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдүүлэх “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хуулийн төслийг АНУ-ын Хууль тогтоох байгууллагаар батлуулах талаар хангалттай санаачилга гаргаж ажилласангүй. Тухайлбал, АНУ-ын 116 дугаар Конгресст хуулийн төслийг хариуцаж байсан холбогдох Байнгын хороодын дарга нартай Элчин сайд нэг ч уулзалт хийгээгүй нь уг ажлыг эс үйлдлээр гацаасан, бодит үр дүнд хүргэхийн оронд аргацаасан гэж үзэж байна.
Түүнчлэн Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улс төржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй юм” гэсэн байдаг.