2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮРМонгол“Эмо” өдрийн НАЙРАГ!

“Эмо” өдрийн НАЙРАГ!

Гадаа хаврын цас  бударч байна. Намуухан, зөөлөн бас чийглэг, нойтон. Яруухан хийгээд эмо өдөр.

Дарсны мухлагт хуучин дурсамжтайгаа ханьсан суумаар эсвэл шинэхэн танилтайгаа хундага тулгаж буу халмаар. Ийм өдрүүд яагаад тийм зөөлөн хийгээд амьдралын үнэ цэнийг мэдэрдэг юм бол.

Нас ахисан уу, амьдралын туршлага хуримтлуулж яваагаа алин болохоо үл мэднэ. Ямартай ч амьдралын өгсөх, уруудах замд хүнээрээ байж, хүнээрээ үлдэхийг л хүсдэг болж. Албан тушаал мөнх биш амин найзууд хэрэгтэйг ойлгодог ч болсон байна. Илүү дутуу бүхэнд шунахаа больж, ийм нэгэн өдрүүдэд шүлэг унших дуртай ч болж.

Өмнө минь Л.Өлзийтөгсийн шүлэг байна. Яаж ийм энгийн үгсийг тийм гоёор эвлүүлж бичнэ вэ. Яаж ийм энгийн үгсийг хөгжим болгож, хүний сэтгэлийг хөглөж чадна вэ. Яаж.

Моддын навч, салхи, тэнгэр гүний алс

“Мой”, “Друг”, “Зонтик”

Тэнэмэл үгс, энэ мэт гуниг, энгэрийн гурван улиас

Тэнгэр минь!

Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ

 Хуучин амьдралын үүдэнд шив шинээрээ зогсох

Хув хуурай уруул дээр нойтон цас бутрах

Хундага дарс руу өнгийж гуниг зовлонгоо мартах

Хугарсан балын харандаагаар бүтэн харандаа зурах

 Салхинд хормой дэрвэхийг мэдээгүй юм шиг алхах

Сайхан хүний нүднээс бурхны гэгээг үзэх

Үүрээр сэрчихээд юу ч бодолгүй хэвтэх

Үхмээр санагдсан ч үхэж чадахгүй байх

Хаврын бороо, шүлэг. Алсын алс

Хаа нэгтээ гуйвсан зам

Тэнэмэл бодол, энэ мэт хүсэл. Ээж…

Тэнгэр минь

Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ?

Нээрэн л орчлонд тэвчиж үлдчихмээр сайхан юм яасан их байдаг юм бэ дээ. Яагаад өмнө нь үүнийг олж хараагүй юм бол, залуу насны л ааг омог байх даа.  Хажуугаар өнгөрч яваа хүмүүсийн харцыг тогтоож харахыг хүсэв. Зарим нь нулимстай, зарим нь гунигтай. Зарим нь хөгжилтэй, зарим нь хав хар. “Харын хар нүд”-ийг гээд ангийн залуу маань уншдаг байсан оюутан цагаа гэнэт дурсмаар. Очоод уулздаг юм бил үү. Хайж явсан хар нүдээ олсон болов уу, найз минь.

Дурсамж бол үнэт зүйл юм. Зарим нь дурсамжийг минь хөглөж, зарим нь миний дурсамжинд үлдсэнгүй. Дурсагдах юмгүй л байж дээ, тэр хүмүүс надад. Бас тэр хүмүүст би.  Үргэлж уулзмаар, уулзаагүй удсан ч үргэлж хамтдаа байдаг тийм нэг яруухан хүмүүс би дуртай. Тийм л хүмүүс дурсамжийг минь хөглөсөөр хамтдаа он жилүүдийг туулдаг.

Санамсаргүй л цаг хугацаа эхэлсэн, үүлс нүүж эхэлсэн

Салхи салхилж бороо орж, цас хаялж эхэлсэн

Сансрын ийм болзоогүй, учрал ерөөлөөр дүүрэн он жилүүдэд

Санамсаргүй л хүмүүн амьдарч, уул толгод ургаж, ертөнц оршсоор ирсэн /А.Эрдэнэ-Очир/

Цас бударсан хэвээр. Цонх дээр хайлан урсах цасан ширхэгүүд хайран. Хайлж буй цасан ширхэгүүдийг харахад гунигтай. Гэвч, гуниглалаа гээд яалтай, орчлонд мөнх юм гэж үгүй. Өнөөдөр цастай, маргааш нартай. Амьдрал яг ийм. Өнөөдөр гунигтай, маргааш аз жаргалтай. Аз жаргалыг холоос бүү хай.

Хаана би хэрэгтэй байна

Тийш нь би зүрхээ явуулдаг байсан 

Хаана дутуугийн шаналан байна

Түүнд би зүрхээ юүлдэг байсан…”  / Гүрж. Нямдорж. Улаан хонх шүлгээс/

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!