Хэдхэн хоногийн өмнө “Элизабет” хотхоноос нэгэн бүсгүй өндрөөс унаж амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Дөрвөн хүүхдийн ээж талийгаач бүсгүйн амиа хорлосон байж болзошгүй шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл байв. Төрсөн болон хойд аав ээждээ зодуулж амиа алдсан хүүхдүүдийн тухай элэг эмтрэм мэдээ хэвлэлийн хуудаснаас тасардаггүй. Харамсалтай нь, Монголд хохирогчийг нийгмээрээ давхар яллан, нэмж хүчирхийлдэг бол хүчирхийлэгч бараг “баатар” болох жишээний.
Саяхан даа, найз бүсгүйгээ хүчирхийлсэн асуудлаар нийгэмд дуулиан дэгдээж, үүнээсээ болоод Зөрчлийн хуулийн дагуу баривчлагдаж, шийтгэлээ хүлээсэн загвар өмсөгч С.Эрдэнэцогт гэгч “Урбан талк” шоунд оролцохдоо эмэгтэйчүүд, хүүхдүүдийг элдэв муухайгаар хараасанд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Өөрийнх нь биеэ авч яваа байдал, зан төлөв, үг хэл нь С.Эрдэнэцогт хүчирхийлэгч болохыг тод томруунаар батлаад өгөв. Харин ийм хүмүүсийг өөгшүүлж, эфирээрээ гаргаж байгаа телевиз, шар бор мэдээлэл, хорвоогийн муу муухайг базан хов ярьж суугаа шоу нэвтрүүлэгчдийг үзэгчид бойкотлох бүр блоклох эрхтэй.
Өмнөө шар айраг тавьсан шигээ хов базаж суугаа эрчүүдийн энэ үйлдэл бусдыг хүчирхийлэлд уриалсан, хүчирхийлэгчийг өөгшүүлсэн нэгэн жишээ болов.
Зөвхөн Монголд л хүчирхийлэл үйлдэж шоронд ороод гарсан хүчирхийлэгчийг, эсвэл эхнэр хүүхдээ зодож, зовоодог эрчүүдийг урьж залж авчраад уйлуулж дуулуулж хохирогчийг давхар хохироодог байх.
Хүчирхийлэл үйлдсэн загвар өмсөгчийн “хар яриаг” хажууд нь суугаа нөхдүүд, хамт оролцож буй одонцорууд сонсон ихэд инээж баясаж буй бичлэгээс харахад тэд хүчирхийлэлд дуртай хүмүүс бололтой.
Хэрэвзээ, соёлтой, ёс зүйтэй оронд ийм нэвтрүүлгийг үзэгчид нь бойкотолдог. Хүчирхийлэл үйлдэгч ямар ч ирээдүйтэй тамирчин, дуучин, жүжигчин байлаа ч карьер нь дуусдаг жамтай. БНСУ-д хүүхэд байхдаа хүчирхийлэл үйлдэж байсан олон тамирчин спортынхоо замналыг төгсгөж байна.
Токио 2020 зуны олимпын наадмын зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори өнгөрсөн сард эмэгтэйчүүдийн талаар доромжилсон агуулгатай үг хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорсон юм.
Гэтэл Монголд инфлүүсэр гэж өөрийгөө эндүүрсэн эрчүүд хов базаад, эмэгтэйчүүд болон хүүхэд хүчирхийлсэн хүнд “алга ташдаг”-тай эвлэрсээр суух уу. Бүр зарим нь өөрийгөө “дайнд яваад ирсэн баатар шиг” элдвээр харааж зүхэхийг нь эфирээр үзэх нь зөв үү.
Хэн юугаа үзэж, хэнийг сонсох нь хүний эрх. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа тулд хүний үзэл бодлыг хүндэтгэх ёстой. Авчиг, ардчилсан нийгэмд амьдарч байна гээд хүчирхийлэл, садар самуунд бусдыг уриалж болохгүй. Тэр тусмаа олон дагагчтай гэгддэг инфлүүсэр, олны танил хүмүүс хандалт шейрийн төлөө хүчирхийллийг дэврээж, хүчирхийлэгчийг өөгшүүлж болохгүй юм.
Тэдний нэвтрүүлгийг үзсэн хэчнээн хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлэгчийн гарт зовж байгааг хэлэхэд хэцүү. Хүчирхийлэлтэй нэвтрүүлэг өөрөө хүчирхийллийг өдөөгч болно.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан бусад гишүүдийн хамтаар хүчирхийллийн эсрэг лобби бүлэг байгуулан ажиллаж байгаа. Хэрэвзээ, үнэхээр л хүчирхийлэлтэй тэмцэхийг хүсч байгаа бол УИХ дахь хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлгийнхэн энэ мэт хүчирхийлэгчийг өөгшүүлэгчдийн эсрэг ажиллах ёстой.
Иргэд энэ мэт хүчирхийлэгчийг давраасан “Урбан талк”-ыг блоколж, бойкотлохоос хүчирхийлэлтэй тэмцэх ёстой.
Б.НИРУН