Хог хаягдлын тухай хууль, Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам болон Нийслэлийн Засаг даргын “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшүүлэх тухай” захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшүүлэх зорилгоор 13,200,000 төгрөгний шагналын сан бүхий “Хогоо ангилах хөдөлгөөн” буюу “Хогоо ангилдаг СӨХ” болзолт уралдааныг нийслэлийн 9 дүүргийн хэмжээн дэх СӨХ-үүдийн дунд зохион байгуулсан.
Тус болзолт уралдаанд Хан-Уул дүүргийн 9 СӨХ оролцож, үүнээс 4 дүгээр хорооны “Шинэ өргөө хотхон” СӨХ тэргүүн байр, 1 дүгээр хорооны “Наран хотхон” СӨХ дэд байр, 3 дугаар хорооны “Хийморь хотхон” СӨХ гутгаар байр, 15 дугаар хорооны “Нархан хотхон” СӨХ дөтгөөр байранд тус тус шалгарлаа. “Хогоо ангилдаг СӨХ” болзолт уралдааныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн ТББ, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд орон сууц хорооллын хог ангилах ажлыг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшүүлэх зорилгоор зохион байгуулагдаж шилдгүүдээ шагнаж урамшууллаа. Болзолт уралдааны шагналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч С.Сайнбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан гардуулж, амжилт хүслээ.“Хогоо ангилдаг СӨХ” болзолт уралдаанд идэвх санаачлагатай оролцсон Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооддоо талархал илэрхийлье.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар