УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр /2021.03.25/ намын хуваагдлын гол эзэн нь Х.Баттулга, З.Энхболд нар болохыг зарлав. Тэрбээр Х.Баттулга түүнийг хэрхэн “хонгилдсон” талаар мэдээлсэн юм.
-Би өмнө нь АН-ын хуваагдал, зөрчил маргалдааны гол эх үүсвэрийн талаар байр сууриа илэрхийлж байгаагүй. 2017 онд Х.Батулга Ерөнхийлөгч болсны дараа бид хоёрын дунд зөрчил үүссэн. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөөсөө эхлээд улс орны эрх ашиг гэхээс илүүтэй өөрийн амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан алхмуудыг хийж эхэлсэн. Үүнээс болж бид хоёр үл ойлголцох болсон.
Ардчилсан нам 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг бүх талаар нь дэмжсэн. Бүх үйлдлийг хийж, хоёргүй сэтгэлээр түүний төлөө ажилласан. Үүний үр дүнд нь Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Харамсалтай нь, тэр цаг мөчөөс хойш өөрийг нь дэмжсэн иргэд, хамтран зүтгэсэн гишүүдийн итгэл найдвар, хүсэл тэмүүллийг уландаа гишгэсэн. Энэ нь үнэхээр хариуцлаггүй үйлдэл гэж би боддог. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр өгсөн маш олон амлалт нь амьдрал дээр биелэлээ олоогүй. Оффшороос мөнгө оруулж Монголын өрийг цайруулна гэсэн амлалт худлаа болсон. Өнөөдрийн хүртэл дөрвөн жилийн хугацаанд Х.Баттулга Монгол Улсад хэрэгтэй ганц ч зүйл хийгээгүй.
Ардчилсан нам тухайн үеийн төр засгийн удирдлагуудын алдаатай бодлогыг шүүмжилж ирсэн. Эрх баригчдын шударга гишүүдтэй хамтарч Засгийн газарт хариуцлага ч тооцож байсан. Мөн олон олон хүн амины хэрэг, ЖДҮХС-гийн булхай луйврыг ил гаргаж Харамсалтай нь, тухайн үед манай намаас гурван урвагч Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэж эсрэг санал өгсөн. Үүний ард Х.Баттулга байсан. Ардчилсан намыг хүчгүй, сүргүй сөрөг хүчин болгох эхний алхмыг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө тавьсан.
Монгол Улсад хууль шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглах, хууль шүүхийн байгууллагаар улстөрчдийг айлган дарамталдаг, чирдэг үйл явц өнөөдрийг хүртэл өрнөж байна. Би өөрөө тэр шударга бусын хонгилоор чирүүлж байгаа хүмүүсийн нэг. Ний нуугүй хэлэхэд МАНАН-г үндсэндээ Х.Баттулга даргалж ирсэн шүү дээ.
Шулуухан хэлэхэд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаасаа огцрох өдөр УИХ-ын чуулган дээр бодит үнэнийг хэлсэн. Би үүнд нь ч баярладаг.
Хууль бус Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороог зохион байгуулж, “Баянгол” зочид буудалд бүрэн бүрэлдэхүүнээр нь аваачиж, архидуулж, мөнгө хахууль өгч, зохион байгуулалттай ажиллуулж буй хүн бол Ерөнхийлөгч, түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар юм.
Эдгээр этгээдүүд надад удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэргээр намайг дарамтлах гэж оролдсон. Надад Монголын төрөөс хулгай хийсэн, хууль дүрмийг зөрчсөн нэг ч үйлдэл, нэг ч үйл ажиллагаа байхгүй. Хэрэв тийм зүйл байвал хуулийн хариуцлага хүлээхэд би бэлэн байна. Би хуулиас зугтаадаг хүн биш. Надаас уул уурхайн нэг ч лиценз, нэг ч төсөл тендерийн булхай, авилга хээл хахуультай холбоотой хэрэг гарахгүй. Үнэнийг хэлэхэд би эрүүдэн шүүлтийн бай болсон байна. Миний эргэн тойронд байгаа хүмүүсийг барьж хорьж, удаа дараа заналхийлж байна.
Гурван жилийн өмнө дампуурсан “Капитал” банкны асуудлаар намайг унагаах гэж оролдлоо. Би 2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын ажлаа хүлээлгэн өгөхдөө Үндэсний аудит, Мэргэжлийн хяналтын шалгалт оруулахад ямар ч асуудал үүсээгүй. Гэтэл гурван жилийн дараа “Капитал” банкинд байсан 238 тэрбум төгрөгийг эрсдэлд оруулсан хэргийг надад тохох гэж оролдсон. Энэ мэт хэргээр Ерөнхийлөгч намайг удаа дараа дуудаж, намын даргын ажлаа өг, тамгаа өг гэж шантаажилж ирсэн. Ерөнхийлөгч болон түүний гар хөл болсон Ц.Туваан мэтийн нөхдүүдийн увайгүй, дүрмийн бус үйл ажиллагааг би 2020 оны арванхоёрдугаар сарын 17-ыг хүртэл тэвчсэн. Одоо гэхдээ тэвчиж чадахгүй. Тиймдээ ч бодит үнэнийг хэлж байна. Х.Баттулга бид хоёрын хэн нь шударга ёс, ардчиллын төлөө явсныг цаг хугацаа харуулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
А.АНАР