2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР2Сангийн сайд аа, сайрхах болоогүй!

Сангийн сайд аа, сайрхах болоогүй!

NTV телевизэд ярилцлага өгөхдөө Сангийн сайд Б.Жавхлан “Эдийн засаг огцом сэргэж байна” гэжээ. Гэвч, Сангийн сайдын өгсөн мэдээлэл эдийн засгийн бодит байдал хоорондоо авцалдахгүй байгаа нь гол үнэн юм. Чухамдаа Сангийн сайд болсноор Б.Жавхлан гэх хувь хүний цалин орлого нэмэгдсэн байж магадгүй. Харин иргэдийн амьдрал хямралтай хэвээр. Зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хориотой, бизнесүүд хэвийн горимд шилжин, жигдрэх болоогүй байна.

Юуны өмнө хэдхэн тоо сонирхуулъя.

  • Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.долларын ханш 2849 төгрөгтэй тэнцжээ.
  • Ажлын байр 68 мянгаар цөөрсөн.
  • 2020 оны ДНБ -6 хувийн агшилттай байна.
  • Уул уурхайн бус салбарын өсөлт өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын эцэст -5.7 хувьтай гарчээ.

Мөнгөний нийлүүлэлт 70-15 хувь болтлоо буурсан гээд тоон үзүүлэлтүүдээс харахад “эдийн засагт огцом сэргэж байна” гэж дүгнэхэл эртдэнэ. Тэр тусмаа экспортын гол бүс нутаг Өмнөговьд covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэн нь эдийн засагт тааламжгүй байдал бий болголоо. Тодруулбал, Оюутолгой компанийн ажилчдаас covid-19-ийн халдвар илэрснээр зэсийн баяжмалын экспорт бүрэн зогссон. Нүүрсний экспортын хэмжээ 10 дахин буурч, Гашуунсухайтын боомтоор нэвтэрч буй ачаа тээвэрт Хятадын талаас хязгаарлалт тогтоогоод байна. Өдөртөө 40-50 –хан машин нүүрс Хятад руу гарч байгаад Сангийн сайд санаа тавих ёстой юм.

Монгол Улсын төсвийн дийлэнхийг уул, уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг.  Төсөвт орж буй таван төгрөг тутмын нэгийг нүүрс, зэсийн орлогоос олдог. Нүүрс, зэсийн орлогоороо бид төрийн 200 мянган албан хаагч, 400 мянган ахмадын тэтгэвэр тэтгэмжийг тавьдаг.

Хэдийгээр бүх нийтийн вакцинжуулалтыг эхлүүлсэн ч халдварын толхиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, цаашдаа мянга, мянгаараа өвдөх эрсдэл бий болсон.

Засгийн газраас хэдийгээр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлж, гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн ч үр дүн нь эдийн засагт мэдрэгдтэл лавтай хагас жил шаардагдана. Сангийн сайдын мэдээлснээр банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авсан байна. Улмаар 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгосон аж. Гэхдээ энэ бол бахдах, баярлах явдал биш.

Экспортын гарцаа нэмэх, уул уурхайн бүсээ халдвараас хамгаалахгүй бол дэлхийн зах зээл дэх зэс, нүүрсний үнийн өсөлтийг ашиглах боломжгүйд хүрч мадагүй. Тэгвэл цалин, тэтгэврээ ч тавьж чадахгүйд хүрч магадгүй байна шүү, Сангийн сайд аа.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!