Ерөнхийлөгч Х.Баттулга: Ж.Эрдэнэбат аа, хүсэл шуналаа татаж болдоггүй юм уу. Гишүүн бол үзээгүй юм биш. Шүүхээр асуудал нь шийдэгдээгүй тохиолдолд яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу. Би ёс зүй яриад байна. Өнөөдөр цагаан захтангуудын гэмт хэрэг гарын үсэг байдаг. Тэд мал хулгайлдаггүй юм, хүн дээрэмддэггүй юм. Гарын үсэг бол газар дээрх нотлогоо.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын тангараг өргөхийг Ерөнхийлөгч Х.Баттулга эсэргүүцэж, чуулганы хуралдаанд дээрх үгийг хэлсэн юм.
Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр баривчлагдсан дөрвөн нэр дэвшигчийн нэг нь экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байсан бөгөөд энэ сарын 3-ны өдөр түүнийг шүүхээс батлан даалтад гаргасан юм. Найман сар шоронд суусан Ж.Эрдэнэбатын хувьд албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан, зургаан жилийн хорих ял авсан. Гэвч, шүүх гаргасан алдаагаа засч, Ж.Эрдэнэбатыг сулласан гэж Ерөнхийлөгчийн эсэргүүцлийг УИХ-ын дарга Г.Занданшатар эрс эсэргүүцсэн билээ. Спикер хэлэхдээ “УИХ-ын гишүүний халдашгүй эрхтэй байх үед нь Ж.Эрдэнэбатыг баривчилсан нь Үндсэн хууль болон УИХ-ын тухай, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн” гэсэн юм. Ийнхүү шоронгоос УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан Ж.Эрдэнэбат гишүүний тангаргаа өргөж, халдашгүй бүрэн эрхтэй болов. Тэр орчин цагийн хэлмэгдүүлэлтийн дуу хоолой болж цаашд ажиллаасай гэх хүлээлт үүсгэв. Учир нь түүнтэй адил улс төрийн хилс хэргээр ял шийтгэл авсан хүмүүс шорондоо үлдсэн.
Х.Баттулга Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат нарыг шоронд хорьсон. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголдоо байсан бол тэр мөн л улс төрийн хоригдол болох байлаа.
Үнэндээ, Ерөнхийлөгч Х.Баттулга экс Ерөнхий сайдаас ёс зүй нэхэх ёс зүйтэй хүн өөрөө мөн бил үү. Товчхондоо, Ерөнхийлөгч өөрөө ч шүүхээс гэм буруугүй нь тогтоогдоогүй сэжигтэн шүү дээ.
Эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан байх үедээ 2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан. Гэвч, хэрэг хуучирдаггүй!
2016 оны дөрөвдүгээр сард Х.Баттулгыг Сайншандын аж үйлдвэр, төмөр замын төслөөс мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн шалгаж, “Баянгол”, “Түмэн хишигтэн” зэрэг хамаарал бүхий компаниудад нь Эрүүгийн цагдаагаас шалгалт оруулж байсан юм. Мөн энэ хэрэгт холбож, туслах Г.Түвшинжаргал, “Түмэн хишигтэн” төслийн удирдагч Ш.Эрдэнэтуяа нарыг баривчилан саатуулж байв.
Түүнийг Зам тээврийн сайд байх үед нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, шинэ төмөр замын бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр ажиллаж байсан Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нарыг мөн саатуулан шалгаж байлаа.
Харамсалтай нь, Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа шинэ төмөр замын төслөөс мөнгө угаасан солонгос иргэдийг Монголын шүүх 40 сая төгрөгөөр торгоод явуулсан байдаг.
“Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат, “Монголын төмөр зам”-ын дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг Интерполиор эрэн сурвалжилж байсан асуудал ч мартагдсан.
Тэгвэл сүүлийн үед олон нийтийн сүлжээ, хэвлэлээр дэлгэгдээд байгаа хууль, шүүхийнхэнтэй холбоотой дуулианы эзэн Б.Баасанцогтын “гэр бүлийн найз” З.Болдбаатар Ерөнхийлөгчтэй холбоотой төмөр замын хэргийг хаасан хүн болохыг эдийн засагч Л.Наранбаатар мэдээлсэн.
Ж.Эрдэнэбатаас нэхсэн ёс зүйг Ж.Эрдэнэбат эргээд Х.Баттулгаас асуух, нэхэх цаг ирж мэднэ. Удахгүй УИХ-аар Х.Баттулгад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх үед парламентын танхимаас шударга ёс эхлэхийг сануулах гишүүн эртний заналт дайсан Ч.Хүрэлбаатараас нь эхлээд цөөнгүй бий.
Мэдээж, Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу Ж.Эрдэнэбатыг гэм буруутай гэж үзвэл УЕП-оос асуудлыг нь УИХ-д оруулж ирэх ёстой. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулах үгүйг УИХ өөрөө шийднэ.
Тэгээд ч Ерөнхийлөгч Х.Баттулга ёс зүй, шударга ёсны өөрийнхөө хүрээллээс, ҮАБЗ-өөс, А.Гансүхээсээ хайх ёстой. Үнэндээ төмөр замын хуучраагүй хэрэг, нуусан оффшор дансных нь баримтуудаас харвал манай Төрийн тэргүүн бусдаас ёс зүй, шударга ёс нэхэх энхийн цагаан тагтаа биш юм.
Б.НИРУН
Hynii tolgoi deerhi tevniig harahaar uuriin tolgoi deerhi buhliig haraasai
Яг үнэн яаж хувиралгүй тэгж хэлж бна өмнөөс нь ичсэн шүү үнэндээ Баттулга чи удахгүй Шоронд орох нь тодорхой энэ албан тушаал нэр төр бол цаг хугацааны л алба