2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР2Камер буруугүй!

Камер буруугүй!

Клабхаус-т шүүгчийн ёс зүй ба хүний эрхийн тухай хэд, хэдэн хэлэлцүүлэг өрнөв. Хэлэлцүүлгийн гол агуулга нь хууль, шүүхийн нэр бүхий ажилтнуудтай холбоотой бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан талаар.

Уг бичлэгт:

  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар,
  • Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр,
  • Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар,
  • өмгөөлөгч Б.Баасанцогт,
  • Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын ажилтан П.Чулуунбаатар нар дүрсээ үлдээсэн нь ид дуулиан болж байна.

“Өрөө”-нийнхөн хоёр хуваагджээ, нэг хэсэг нь хүний эрхийг, нөгөө хэсэг нь шүүгчийн ёс зүйг “сураглав”. Сүүлдээ хохирогчид нь шүүгчид, буруутан нь орцны камер болж хувирлаа. Камерыг “халчихвал” шүүгчид “хөөрхөн” харагдана. Камер минь, камер минь хамгийн хөөрхөн хүнийг харуулаач!

Болсон хэрэг явдлын талаар Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс хоёр хоногийн дараа мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой дүрс бичлэг, мэдээлэл гарч, иргэд, олон нийтийн дунд эргэлзээ үүсгэж байгаад харамсаж байна. …Эцэслэн шалгаж тогтоогоогүй мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж байгаа үйлдэл нь нийт шүүгчдийн хараат бус байдалд халдаж байна” гээд дээрх бичлэг нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг хүний эрхийн болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандаж буйгаа мэдэгджээ.

Харамсалтай нь, тэнд секс скандалд нэр холбогдсон шүүгч нартай хариуцлага тооцох тухай өгүүлбэр бүү хэл үг байсангүй.

Монголоос өөр улсад тэдгээр шүүгч нар аль хэдийнэ ажлаасаа  халагдсан байх биз. Шүүгчдийн хараат бус байдалд халдсан буруутан нь ганц камер.

Уг нь камер ямар ч буруугүй л дээ. Буруутан нь ёс зүйгээ уландаа гишгэсэн хууль, шүүхийнхэн өөрсдөө. Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмдээ “Шүүгч ажлын байрандаа болон албан үүргээ гүйцэтгэх явцдаа, мөн ажлын бус цаг амралт баяр ёслолын үед ч шүүх, шүүгчийн нэр хүндийн хамгаалж, нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахуун, зан үйл болон аж төрөх ёсны хэм хэмжээг зөрчихгүй байна” гээд заачихсан. Гэтэл дүрмээ зөрчин, зүй бус үйлдэлд нэр холбогдсон шүүгч нараа ШЕЗ нь өмөөрч, мэдэгдэл гаргаж байгаа нь  Монголын шүүх засаглал нөгөө өргөсөн тангарагтаа биш томилсон хүндээ үйлчилдгийн тод жишээ.  Зөвхөн Монголын шүүгч нар ийм бичлэг дэлгэгдсэний дараа тийм “бадрангуй” мэдэгдэл хийж, ичиж айхгүйгээр ярилцлага өгч чадна. Цаашилбал, ёс суртахууны хэм, хэмжээг зөрчсөн шүүгчтэйгээ биш бичсэн камертай “ноцолдох” нь бараг хэвийн үзэгдэл болсон.

Мэдээж, жирийн иргэн Баасанцогт, Болдбаатарын хувьд хүний эрх нэгдүгээрт тавигдана. Тэгвэл шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Д.Отгонбаатар, хуульч Б.Баасанцонт нарын хүний эрх бол тусдаа асуудал. Тэдний хувьд ёс зүй  нэн тэргүүнд тавигдах ёстой юм. Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахиулдаг субьект учраас. Төрийн нэрийн өмнөөс хэн нэгнийг шүүдэг, ялладаг, үнэн зөвийг тогтоодог болохоор тэр.

Ерөнхийлөгчийн Тамгын газарт хууль зүйн зөвлөгөө өгдөг Б.Баасанцогтын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурдсан шиг “Хэн ч биш нөхөд уулзаа л биз” гэжээ. Үгүй л дээ, хэн биш залуус ууж наргисан тухай яриагүй, хууль, шүүхийн албан тушаалтнүүд, төрийн нэрийн өмнөөс хүний эрх чөлөөг шийдэг хүмүүсийг секс скандал, цаашлаад тэд хамтран хэрэг наймаалцдаг эсэх тухай л яригдаж байна. Тэгэхээр  “адилхан эр хүн уугаа биз, алдаа биз” гэх зөвтгөл хашиж буй албан тушаалынхаа хувьд тэдэнд байх ёсгүй гэсэн үг.

Яагаад гэвэл Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3- т мөн “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд ийнхүү ойлгогдохоос сэргийлнэ” гэсэн байдаг. Энэ нь хувийн эрхийг хязгаарласан хэм хэмжээг шүүгч нар өөртөө тогтоож, мөрдөхөөс гадна, эдгээр хязгаарлалтыг өөрөө сайн дураараа хэрэгжүүлнэ гэсэн утгатай.

Тэр тусмаа улс төрийн хилс хэргээр ял шийтгэл авсан хүмүүсийг хэргийг шүүсэн шүүгчид “гэр бүлийн найз”-уудын хэмжээнд ч уулзах эрхгүй юм, ёс зүйн хувьд. Х.Идэр нь  Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүсэн, З.Болдбаатар нь  Ерөнхий сайд асан М.Энхсайханыг ялласан, П.Чулаанбаатар нь, АТГ-ын ажилтан, Б.Баасанцогт нь Ерөнхийлөгчийн Тамгын газар хууль зүйн зөвлөгөө өгдөг байсан  гээд олсоо хөөвөл үзүүрт нь үхэр ч байж магадгүй нь. Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилан батлуулсан хуулиар ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн удирдлагуудыг сольдог болсон. Үүний дараа 14 хүнийг улс төрийн хилс хэргээр яллаасан. Эхнийх нь М.Энхсайхан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар түүнд авто машины хэрэг тохоод 4 жил 6 сарын ял оноосон юм.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар нэгэнтээ Төрийн ордны гурван давхарт ирж шүүгч нар хэнд хэдэн жилийн ял оноохоо асуудаг байсан тухай  чуулганы  хуралдаанаар дэлгэсэн. Тэгвэл Х.Нямбаатарын дурдсан Төрийн ордны 3 давхарт ирж мөргөөд, захиалга даалгавар аваад буцдаг байсан шүүгч нар тэд мөн үү.  Энэ нь тэдгээр шүүгч нарт тавигдах зүй ёсны асуулт, үүнийг ч тагнуул, цагдаагийнхан давхар шалгаж мухарлах ёстой юм.

Хар багаас нөхөрлөж яваа найзууд удаа дараа  Б.Баасанцогтын хэлснээр “гэр бүлийн уулзалт”-ыг зохион байгуулдаг байсан гэхээр, тэд уулзах бүртээ  хэн нэгэнд хэрэг тохож, ял наймаалцдаг, бусдын амьдрал, алдар нэр, эрх чөлөөгөөр тоглодог байсан бол яах вэ гэсэн асуулт тавигдаж байна. Тэгвэл эдгээр шүүгчид ажлаа алдаад зогсохгүй эрүүгийн гэмт хэрэгтнүүд болно.

Товчхондоо, “гэр бүлийн найзууд”-аар шүүлгэсэн бүх хэргийг эргэж нягтлах, шүүх нь Монголын шүүхийн шударга ёсонд нийцэх юм. ШЕЗ нь “камер” буруутгаж суух биш мэдэгдэлдээ дурдсанчлан “….олон нийтийн дунд эргэлзээ үүсгэхгүй, шүүхийн хараат бус байдлыг хадгалж үлдэх” нь юу юунаас чухал. Үүний тулд шүүхийг шившигт хутгасан шүүгч нараа шүүх ёстой. Нэг, хоёр шүүгчийн ёс бус асуудал өнөөдөр нийт шүүгчдийн нэрийг сэвтүүлж, Монголын шүүх засаглал шившигтэй нь хутгалдаж сууна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог жамтай.

Шүүгч нарын цалин хангамж, хараат бус байдлаас гадна  хувь хүний ёс зүй, хариуцлага, зан төлөвийн талаар хөндөх цаг болсон байна. Хувийн ёс зүйгүй, секс скандалын хэрэгт нэр холбогдсон шүүгч нар цаашдаа яаж шударга шийдвэр гаргаж, Монголд шударга ёсыг тогтоох билээ. Өөрсдийгөө зохистой хэмжээнд авч явж чадахгүй шүүгч бусдыг үнэн зөвөөр шүүж чадахгүй. Угтаа шүүгч ариун байж л төр ариун болно.

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!