2024.02.24, Бямба
spot_img
НҮҮР1Хүүхдийн төлөө фондод хэн хэдийг хандивлав

Хүүхдийн төлөө фондод хэн хэдийг хандивлав

Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүүхдийн төлөө фонд байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Цаашид нэмэгдэх тус сангийн хөрөнгийг Хүүхдийн номын сан, Хүүхдийн театр, Хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолбор зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулахаа мэдээлсэн. Ийнхүү Хүүхдийн төлөө фондын үйл ажиллагааг сэргээж байгаатай холбоотойгоор хуримтлал үүсгэх “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар тус хандивт 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага нийт 2 тэрбум 227 сая 408 мянган төгрөгийн хандив өгсөн байна. Эдгээр хандиваас 5 сая ба түүнээс дээш дүнтэй тусламжуудыг бид нэгтгэн хүргэж байна.

Иргэн, байгууллага буюу утга Мөнгөн дүн(сая₮)
1 Крипто валют 6,556 onecoin зоос буюу монгол мөнгөөр 1 тэрбум төгрөгийг onecoin зоос хэрэглэгчид хандивлав. 1,000
2 УБТЗ 500
3 ХААН банк 500
4 Үндэсний соёл амралтын хүрээлэн 300
5 Соёл урлагийн ажилчдын нэг өдрийн цалин 150
6 Макс групп, Сүү компани 100
7 Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн залуучууд тэднийг төлөөлж иргэн Мөнхчулуун дуудлага худалдаагаар Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дээлийг 38,500 мянган төгрөгөөр худалдан авав. 38.5
8 “Өсөх зоос” компанийн ажилчид нэг өдрийн цалин 38
9 Хөдөлмөрийн баатар боксчин Э.Бадар-Ууганы бээлийг Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар дуудлага худалдаагаар 21 сая төгрөгөөр худалдан авав. 21
10 Хүнд машин механизмын үйлчилгээ эрхлэгч Мягмардорж 20
11 Н.Зоригт захиралтай “Туушин” группийн “Туушин” хүүхдийн сан 10
12 “Наран” рестораны захирал Дэлгэр хувиасаа 5 сая, “Их нигүүлсэн” ТББ-аасаа 5 сая төгрөг буюу нийт 10 сая төгрөг 10
13 Жүжигчин Стивен Сегалийн гэр бүлээс хүүгийнхээ нэрээр 10
14 МУГЖ Баясгалан Сакура дунд сургуулиас 10
15 Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид 7
16 “Наран” ресторан Дэлгэр 5
17 Олон улсын тээврийн жолооч нар хамтраад 5

Хандивын тоглолт зохион байгуулах үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн төр захиргааны нийт 34,942 албан хаагчийн нэг өдрийн цалин болох ойролцоогоор 1.4 тэрбум төгрөгийг хандивлах уриалга гаргаснаа мэдэгдсэн. Мөн БСШУ-ны яамны хамт олон нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ.

Түүнээс гадна мөнгөн дүнгээр тооцвол 5 сая ба түүнээс дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний эд материалын хандив ирсэн байна. Үүнд:

  • “Андын зам констракшн” 50 сая төгрөгт багтахуйц бетон зуурмаг
  • Дорждулам захиралтай “Энхтэд” ХХК 5 сая төгрөгийн дулаалгын хөөсөнцөр
  • “Наран” рестораны захирал Дэлгэр ХУД-т байрлах 6 айлын газар
  • Иргэн Б.Санчир 1,000 м.кв обьектоо хүүхдийн төлөө сайн үйлсэд ашиглуулах санал
  • “Термос тех” 5 сая төгрөгтэй дүйцэх барилгын агааржуулалт
  • Иргэн С.Тэнгэр 10 сая төгрөгтэй дүйцэх бетон зуурмаг хандивлав.

Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын кимоног дуудлага худалдаагаар “Монзул” компанийн захирал Чинбат худалдан авсан бөгөөд Тэрэлжид барьж буй Монголын угсаатан зүйн музейдээ үзмэр болгон тавина гэсэн бол соёлын гавьяат зүтгэлтэн “Үүдэн чулуу” ХХК-ийн захирал Энхтайван 33 сая төгрөгтэй дүйх чулуун арслан хийж өгөхөө хэлсэн.

Энэхүү үйл ажиллагаа нь хуульчдын зүгээс шүүмжлэл дагуулаад буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр төр иргэдээсээ хандив авах хуулийн зохицуулалтгүй гэсэн бол Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин төрийн албан хаагчдын цалинг хандив болгон өгөх нь төр өөрөө хөдөлмөрийн мөлжлөг хийж буй мэт болж байгааг шүүмжилсэн.

Ийнхүү “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-ыг Засгийн газар байгуулсан нь ч, хандивын аян зохион байгуулсан нь ч шүүмжлэл дагуулж байгаа нь манай улс Төрийн өмчит компанийн тухай хуульгүйгээс үүдэлтэй. Төрийн өмчит бүртгэлтэй, төрийн оролцоотой компаниудын үйл ажиллагааг зохицуулсан хууль эрх зүйн орчин байхгүй, Компанийн тухай хуулиар буюу хувийн өмч мэтээр кохицуулагдаж ирсэн нь өнөөдрийн олон асуудлын шалтгаан болж буй юм.

Хүүхдийн төлөө фонд байгуулах Засгийн газрын шийдвэр гарахаас 13 хоногийн өмнө “Хүүхдийн төлөө фонд” гэсэн нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага гурван хувьцаа эзэмшигчтэйгээр байгуулагдан Улсын бүртгэлд бүртгүүлсэн байв. хувьцаа эзэмшигчид нь Соёлын дэд сайд М.Батбаяр, “Херо” энтертайнментын найруулагч Б.Баатар, “Sound of Mongolia” продакшны захирал Х.Дамдинсүрэн нар байгаа юм.

Тэдний нэг, найруулагч Х.Баатар энэхүү НҮТББ-тай холбоотойгоор тайлбар хэлэхдээ “Он гараад “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах бэлтгэж байгаа юм билээ. Бас тоглолтыг зохион байгуулахаар гаднын уран бүтээлчидтэй харилцах шаардлагатай байсан учраас ТББ байгуулах шаардлага ч гарсан. Нөгөө талд, тоглолтыг шинэ жилийн үеэр зохион байгуулах, хүүхдийн төлөө бүтээн байгуулалтаа ч цаг алдалгүй хийх шаардлагатай байсан учраас түр ТББ байгуулсан. Хуулийг нь бэлэн болтол ингэж Төрийн бус байгууллага үүсгэн зарлаж хуримтлал үүсгэх нь зөв гэж үзсэн. Энэ болтол Соёлын яамнаас ТББ байгуулж, тоглолтыг зохион байгуулж байгаагаар нь миний нэрийг тавьсан юм байгаа биз дээ. Түүнд нэг их санаа зовоод, хардаад байх хэрэггүй ээ.

Харин Монголынхоо бүх ард иргэдэд, аж ахуйн нэгжүүдэд “Хүүхдийн төлөө За” гэж хэлсэнд баярлалаа. Нэг өдрийн дотор 10 хэдэн тэрбум төгрөг цугларсан анхны тоглолт боллоо. Миний хувьд тоглолт сайхан болсон. Бид хууль нь бэлэн болонгуут санд цугларсан хуримтлал хөрөнгийг, сангийнх нь хамт Засгийн газарт мэдээж шилжүүлнэ. Санаа зоволтгүй. Харин энэ олон хүний сэтгэл зүтгэлээр боссон сангийн үйл ажиллагаа цаашид тунгалаг сайхан байгаасай л гэж хүсэж байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдээлснээр манай улсад 21,000 Төрийн бус байгууллага бүртгэлтэй байдгаас хуулийн дагуу тайлангаа ирүүлдэг нь 30 гаруйхан буюу 10%-д нь хүрдэггүй байна.

“Шилэн болгохыг төрөөс шаарддагууд нь хүртэл санхүүжилт, зарцуулалт нь хаалттай байгаа. Ер нь бол манай улс Саарал жагсаалтад орсон нэг шалтгаан нь төрийн бус байгууллагаар дамжуулж мөнгө угаагаад байна гэдэг асуудлаас болсон юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тиймээс Төрийн өмчит компанийн тухай хуулийг яаралтай хэлэлцэн батлах шаардлага үүссэнийг сүүлийн үед өрнөж буй олон үйл явдал харуулж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!