2021.10.05, Мягмар
Эхлэл C Б.Баабар: Авгай хандивын мөнгийг голох, нэхэх болжээ

Б.Баабар: Авгай хандивын мөнгийг голох, нэхэх болжээ

Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл)

Цэдэнбал Эрхүүд сургууль төгсч ирснээсээ хойш 10 жил гоонь явжээ. Тэрээр ямар ч байсан орос эхнэр авна гэж найз Ширэндэвтээ ярьсан байдаг. 1942 онд Нүхтийн амралтын их эмч Янковскийн охин Марьетэй танилцаад гэрлэхээр шийджээ. Үүнийг олж мэдсэн Чойбалсан “Чамд монгол хүүхэн олдохгүй байгаа юм уу! Чамайг гадаад хүүхэнтэй суулгахгүй!” гээд СССР-ийн Элчин сайдын яамныхантай ярилцан Янковский эмчийг гэр бүлийнх нь хамт хойш нь буцаажээ.[1]

Орос эхнэртэй болох гэсэн дараагийн нэлээд хэдэн удаагийн оролдлого Зөвлөлтийн сургагч нар, ялангуяа Бүрэн эрхт төлөөлөгч Иван Иванов, Засгийн газрын зөвлөх байсан Николай Важнов, Элчин сайд Юрий Приходов нарын зүгээс эсэргүүцэлтэй тулан тас цохигдсон байна. Тэд орос эхнэртэй болох мөрөөдлийг нь биш харин тухай бүрийн сонголтыг таашаагаагүй аж. Соёл боловсрол багатай, эгэл гаралтай, хадам эх нь тохирохгүй зэргээр нэр дэвшигчид ээлж дараалан Зөвлөлтийн сургагч нарт гологдож байлаа. Эцэст нь зөвлөх Н.Важнов Цэдэнбалыг Москвад дагуулан аваачиж хамаатныхнаа хүүхнийг олж өгчээ. “Трехгорная манифактура” үйлдвэрт комсомолын хорооны зохион байгуулагч хийдэг[2] Рязанаас гаралтай энэ орос бүсгүй нэг талаас Цэдэнбалд таалагдаж, нөгөө талаас Монголын ирээдүйн тэргүүн хатагтайн эрэлд хатсан хариуцлагатай зөвлөлт мэргэжилтэн сургагчдын хувьд “шаардлага хангажээ”. Ингээд 1949 онд Москвад хурим хийснээр асуудал шийдвэрлэгдлээ. Орос эхнэрийг Анастасия Ивановна Филатова гэх. Нэлээд олон жилийн дараа нэрээ Цеденбал-Филатова болгон өөрчилсөн нь учиртай болоод л тэгээ биз дээ.

Тухайн үед зөвлөлт эмэгтэйчүүдийг гадаадын хүнтэй гэрлэхийг зөвшөөрдөггүй байжээ. Важнов энэ асуудлыг хөөцөлдөж Молотовт хэлсэн, Молотов Сталинд дамжуулсан, Сталин Калинид үүрэг өгөөд Цэдэнбалын гэр бүлийн асуудлыг шийдсэн гэж Майдар дурсамждаа бичсэн байдаг.[3] Хожим Цэдэнбал түүнд ярихдаа “Өглөө сэрсэн чинь би нэг шар авгайтай болчихсон байсан” гээд инээж байжээ.[4]

Улаанбаатарт ирсэн даруйдаа нэг хэсэг Улсын төлөвлөгөөний комисст ажиллаж байсан авч 1960-аад он хүртэл хоёр жижигхэн хүүхдээ маллаад гэрийн эзэгтэйн ажил эрхэлж байв[5].

Түүнийг эхлээд 1960-аад оны үед Соёлын яамны сайд С.Сосорбарам яамандаа орон тооны бус зөвлөхөөр авчээ. Энэ нь түүгээр дамжуулж даргад нөлөөлөх оролдлого байсан биз. Гэтэл МХЗЭ-ийн ТХ-ны дарга Ч.Пүрэвжав* түүнтэй өрсөлдөн бүр Хүүхдийн соёл, амралтын паркийн орон тооны даргаар тавьжээ. Дараа нь энэ хоёр хүн авгайг шагнуулах гэж хоорондоо өрсөлдөн тус бүр одонгийн тодорхойлолт үйлдээд дээш гүйлдсэн байна. Цэдэнбал эхнэрийгээ гоо сайхны мэдрэмж, хүүхдийн хүмүүжил гэсэн хоёр талбарт гарамгай гэдэгт үнэнгээсээ итгэдэг байсан аж. Гэхдээ энэ нь ердөө л гэр орных нь өнгөтэй өөдтэй амьдрал, эхнэрийнх нь цэцэг ногоог өөрт нь таалагдахуйц арчилж буй байдал, өөрийнх нь бахархал болсон хоёр хүүхдийнх нь хүмүүжлээс буй болсон дүгнэлт юм. Амьдралаас бүрэн таслагдсан энэ хүнд өөр харьцуулах юм байсангүй. Иймээс эхнэр нь энэ чиглэлээр бусдад “мэргэжлийн зөвлөгөө” өгч байгаад огт гайхсангүй.

Авгай энэ тушаалаараа эрх мэдэл, алдар нэр рүү тун амжилттай давшиж чадаж байв. Түүний хамгийн түрүүн барьж авсан салбар бол Соёлын яам, МХЗЭ байлаа.

Авгай эхэндээ төрийн концерт, дуурь, балет зэргийг театрт нь очин “зөвлөлгөө” өгдөг байв. Балетмэйстер Жамъяндагвын* дурссанаар Төрийн концертод зөвлөлгөө өгөхөөр ирсэн Филатова бөх барилдаж буй хүүхдийн бүжигийг харж байснаа бөхийн засуулыг эмэгтэй хүүхдүүдээр сольж бүжиглүүлэхийг шаарджээ. Болдоггүй учрыг хэлээд гуйгаад ойлгоогүй гэнэ. Удалгүй авгай өөрөө балетийн цомнол зохион бичиж найруулалцжээ. Хотоор нэг хадсан балетийн зарлалд цомнолыг бичсэн Анастаъя Цэцмаа гэж бичсэн нь орос ардын ид шидэт үлгэрт гардаг ухаант Василиса – “Премудрая Василиса” гэх үлгэрийн баатраас нэр зээлдэн монголчилсон бололтой. Тухайн үед концертод тоглох урлагийхны хувцсыг бэлдэхийн тулд Франц руу зориуд хүн явуулж хатуу валютаар даавуу материал худалдан авчирдаг байжээ. Авгай үйлдвэрт нь очиж өнөө үнэ цэнтэй, Францаас авчирсан эдээр хийсэн хувцсыг голж, олны өмнө урж хаясан байдаг[i].

Албаны хүрээнд улсын тэргүүн хатагтайн үүргийг эхлээд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Самбуугийн эхнэр Нямаа, дараа нь Ерөнхий сайд Батмөнхийн эхнэр Дариймаа нар гүйцэтгэж байв. Эмэгтэйчүүдийн баяраар дипломатуудын эхнэрийг хүлээж авах зэрэг ганц нэг зүйл дээр л энэ нь тодорно. Филатова Нямаатай ч, Дариймаатай ч энэ үүргийг булаацалдсан нь үгүй. Учир нь, ердийн нэг “тэргүүн хатагтай” түүнд багадаж байв. Тэрээр Маогийн эхнэр Зян Цин, Филиппиний Имэлда Маркос* (Imelda Marcos), Аргентины Эва Перон* (Eva Peron), Румыны Элэна Чаушескугийн* (Elena Ceausecu) хэмжээнд байхыг хүсэж байсан, тэгэж ч чадаж байлаа. Тэрээр Хрущёв, Брежнев нарын “социалист хэв нормтой” даруухан эхнэрүүдийг мэддэг байсан байж магадгүй, гэхдээ Ираны шагийн эхнэр, тэндхийн хүүхдийн төлөө фондын дарга Фарах, Румыны УТТ-ны гишүүн Елена Чаушеску, Югославын удирдагч Титогийн сайхан эхнэр нартай уулзаж, атаархаж, туршлага судалж явжээ.

1973 оны дөрөвдүгээр сарын 24-нд МХЗЭ-ийн Төв хорооны товчооны хурлаас “Хүүхдийн төлөө фондын төв комисс”-ыг байгуулах шийдвэр гаргаж даргаар нь А.И.Цеденбал-Филатоваг батлав. Үүнээс дөрвөн сарын өмнө МАХН-ын ТХ, Сайд нарын зөвлөл хамтран “Хүүхдийн төлөө фонд” байгуулах Төмөр замын хамт олны уриалгыг дэмжсэн тогтоол гаргасан байх юм[6]. “Төмөр замын хамт олон” гэдэг нь 1972 онд Хөдөлмөрийн баатар Г.Мандах* санаачилга гарган субботник хийгээд цуглуулсан мөнгөөрөө цэцэрлэгийн байр барив гэсэн суртал нэвтрүүлгийн кампанит ажлыг хэлж байгаа юм. Фондын эхний мөнгийг МХЗЭ, МҮЭ хоёроос тус бүрээс нь 100 мянган төгрөг, “Улаанбаатар” төмөр замаас 60 мянган төгрөг, Улаан загалмай нийгэмлэгээс 40 мянган төгрөг татан буй болгожээ[7]. Одоо тэр албан ёсоор дээрээ даргагүй хүн болж авав.

Цэдэнбал тэргүүтэй Монголын төлөөлөгчид 1973 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Ираны шаг Пaхлaви*-ийн (Мohammad Reza Pahlavi) урилгаар Иранд айлчлахад Филатова хамт явсан нь төрийн тэргүүн эхнэртэйгээ тусгай хөтөлбөрөөр коммунист бус оронд айлчилсан Монголын анхны тохиолдол байлаа. Филатоваг хатан хаан Фарах* (Farah Pahlavi) тусгайлан хүлээн авч уулзан өөрийн толгойлдог Хүүхдийн төлөө фондын үйл ажиллагааг тайлбарлан үзүүлжээ. Саяхнаас өөрөө санаачлан Монголд байгуулсан “Хүүхдийн төлөө фонд”-оороо дамжуулан маш их нэр хүнд олж авч болохыг ажиглав. Уулаасаа ч туршлага судлах гэж явсан. Ираны Ерөнхий сайд А.А.Ховэйда* (Amir-Abbas Hoveyda) “Танай хоёр хүүг Иранд айлчлахыг урьж байна. Би тоглоогүй үнэнгээсээ ярьж байна шүү” гэж авгайд хэлжээ[8]. Ийнхүү Филатова Иранаас бөөн туршлагатай ирэв. Хүүхдийн төлөө фондоор дамжуулан төрийн эрхээс яаж барилцаж болдгийг Фарах хатан хаан түүнд тод томруун харуулжээ.

Филатова “Хүүхдийн төлөө фонд” байгуулснаар Монголын залуу үеийг хайрлан хамгаалсан буянт үйл хийсэн төдийгүй энэ хэрэгтээ үнэн сэтгэлээсээ махран зүтгэж байсныг үгүйсгэх аргагүй. Тэрээр Гэрлэх ёслолын ордон, Хүүхэд залуучуудын ордон, Залуу байгальчдын станц, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан, Яармагийн 120 ортой хүүхдийн эмнэлэг болон нэлээд хэдэн ясли, цэцэрлэгийн байр сав бариулсан аж[9]. Энэ хэдэн байшин савыг зарим нэг нь одоо болтол шагшин шүтэж, үүгээр улс төрийн хожоо гаргах гэж тэмүүлсээр. Үнэндээ нэгд, тэртээ тэргүй санхүүжилт нь улсаас болон иргэдээс гарч байсан болохоос Филатова өөрөөсөө сохор зоос ч гаргаагүй. Хоёрт, хэдий ядуу тарчиг байсан ч социализм байгуулж байгаа Монгол улс хүүхэд залуучуудад зориулж чадах хэрээрээ л байшин сав барьж, цэцэрлэг ясли байгуулж л байсан. Харин ч Филатовагийн хийрхэл сайрхал нь монголчууд ерөөсөө хүүхэд залуучуудаа хайхардаггүй байсныг нэг орос авгай ирээд янзалж өгсөн юм шиг хачирхалтай сэтгэгдэл төрүүлэм. Гуравдугаарт, Цэдэнбалын дэглэм унаж, улмаар Монгол улс чөлөөт зах зээлд орсноор хувь хүмүүс, хувийн хэвшлийнхэн болон төрөөс үүнээс хэдэн арав, зуу дахин олон барилга барьсны нэлээд нь хүүхэд залуучуудад зориулсан, жинхэнээсээ хандивын болон арилжааны зориулалттай байлаа.

Гол нь тэр үеийн тогтолцоонд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан Засгийн газар, улс төрийн намын алинд нь ч хамаарахгүй олон нийтийн байгууллага буюу энэхүү сайн дурын фонд нь түүний эрх мэдэл, нэр төр олж авах гол хэрэгсэл байлаа. Тэрээр гадаадын хүн учир намын болон төрийн хэмжээнд дээгүүр ажил хийж болохгүй байв. Харин фонд гэдэг бол өөр хэрэг. Гэхдээ тун ч буянтай, үүрэг зорилгыг нь хэн ч өөлөх аргагүй ийм байгууллага нь түүний нэг талаас албан бус байдлаар эрх мэдэлд хүрэх гэсэн санаархлыг хангаж байхаас гадна нөгөө талаас ариун зорилго үйлстэй учир үүнийг нь хэн ч үгүйсгэх буюу эсэргүүцэх бололцоогүй байлаа. Филатова бариулсан барилга байшингаа байнга эргэж тойрч өөрийгөө рекламдахдаа монгол хүүхдүүдийг энхрийлэн зураг хөргөө авахуулж, өөрийгөө “Тася мама” гэж дуудуулна. Үнэндээ өөрийн төрсөн хоёр хүүгээ “монгол хүүхдүүдээс халдварт өвчин авчихна” гээд ойртуулдаггүй хүн байсан шүү дээ.

Хүүхдийн төлөө фонд байгуулагдсан арав гаруй жилд авгайн удирдлагаар нэлээд ясли, цэцэрлэг, хүүхдийн амралт сувилалын газар буй болсон ч энэ бүхэн бол үнэн хэрэгтээ төсвийн буруу зарцуулалт байсан юм. Хувийн өмчийг тас хориглосон нийгэмд иргэд нийтээрээ хоосон байсан үе тул үнэндээ сайн санааны хандив гэсэн ойлголт жинхэнэ утгаараа байсангүй, байх ч аргагүй юм. Фондод мөнгө өгөхийг ил далд янз бүрийн аргаар шахан төсвийн байгууллагуудаас “хандив” цуглуулж байв. Фондод өгсөн мөнгө хандивынх нь хэмжээгээр тухайн газрын ажил, удирдлагыг нь үнэлдэг нэг төрлийн шалгуур нэгэнт тогтож эхэлжээ. Үнэн ч бай, худал ч бай тэр үеийн БНМАУ жилийнхээ төсвийг Ардын их хурлаар батлуулдаг байсан. Төсвийн хүрэлцээ тун тааруу учир тоолж тоолж нийгмийн бүх салбарт хуаарилна. Төсөв гэдэг нь үнэн ч бай, худлаа ч бай хууль. Гэтэл улсын төсөвд огт тусгагдаагүй энэ хүү “авгайн фонд” байгууллагуудад нэгэнт хуваарьлагдсан төсвийн мөнгийг хандив нэрээр маш ихээр нь дээрэмдэн авч болдог эдийн засгийн тогтолцоо гэж байж болох уу?

Ийм тогтолцоо нэгэнт тогтсон тул элдэв шагнал урамшил горьдсон, хэл амнаас салах гэсэн, ажлын хариуцлагагүй байдлаа далдлах гэсэн хүмүүс, байгууллагуудын хооронд төсвийн мөнгөө уралдан фонд уруу шилжүүлдэг нэг төрлийн уралдаан буй болсон байна. Сүүлдээ иргэдийн хармай руу орж, Хүүхдийн фондод албан журмаар “хандив” өргөх боллоо. Монголын иргэн болгон сард нэг өдрийнхөө цалинг фондын хуримтлалд хандивлаж байхаар тогтов[10]. Нийтээрээ тарчиг цалинтай, цалингаас гадуур орлого олох нь гэмт хэрэгт тооцогддог нийгэмд хүмүүс сайн дураараа цалингаараа хандив өргөж байсан гэдэг итгэмгүй. 1959 онд малчдын малын хураан хамтрал байгуулахад мөн л “сайн дураараа” гэж сурталчилж байсан боловч тэр бол үнэн хэрэгтээ ард түмнийхээ эсрэг хандсан төрийн дээрэм байсан юм.

Авгай хандивын мөнгийг илт голох, улайм цайм нэхэх, уурлаж цамнах нь ердийн үзэгдэл болов. Энэ их хөрөнгийн зарцуулалт ямар ч тооцоогүй, үрэн таран байдалтай, байгуулж буй объектын ихэнх нь суртал нэвтрүүлэг, авгайн алдар нэрийг өргөхөд зориулагдаж байв. Архангайд барьж байсан цэцэрлэгийн барилгын явц тоосгогүйгээс зогссоныг мэдсэн Филатова тэр дор нь тушаал буулган иргэний онгоцоор Улаанбаатараас туйпуу татуулж байсан жишээ байна. Фондоос зөвхөн бэлэг дурсгал нэрээр тооцоогүй зарцуулсан мөнгө 220 мянган төгрөг болжээ[11].

Энэ фонд тун удалгүй Монголын хамгийн том тэргүүлэх байгууллага болсон юм. Фондын даргын албан ёсны зиндаа УТТ-ны гишүүний хэмжээнд, албан бусаар түүнээс ч өндөрт гарав. Филатовагийн 60 насны ойг фонд байрладаг МХЗЭ-ийн Төв Хорооны байранд тэмдэглэжээ. Монголын Засгийн газар, бүх яамд, тусгай газрууд олон нийтийн төв байгууллагуудыг сайд, дарга нар нь төлөөлөн ирж бэлэг гардуулан долигонуур нялганасан үг оросоор хэлэн оочерлож байлаа. Хувийн өмчийг хориглосон нийгэмд хүн зөвхөн улсаас хараат байдаг ба энэ орчиндоо аль болох илүү зохицохын тулд чадах бүхнээ хийдэг, тэгээд ч уламжлал бахархал, үүх түүхээ мартсан буюу мэдэхгүй бол нэр төр, эрхэмсэг оршихуй гэсэн чанар нь алга болдог ажгуу. Иймээс Монголын удирдлага өрсөлдөж долигонох, ахиухан хүртэх, өөрийгөө гутаах, суудлаа бэхжүүлэх уралдаанд ичих нүүргүй уралцаж байв.

Авгай системээ ч, монголчуудыг ч маш сайн мэддэг. Түүний нэр коммунист албан ёсны мэдээллийн хэрэгсэлд хамгийн дээгүүрийн нэгэнд байнга тавигдах боллоо. Түүнд төрийн шагнал, янз бүрийн одонгуудаас гадна яамд өөрийнхөө өгч болох хамгийн дээд хэргэм цолоо олгож байв. “Тэргүүний анчин”, “Тэргүүний чекист” “Тэргүүний төмөр замчин” цолыг тэр өөрөө гуйж аваагүй, наадуул нь долигонож гүйлдсэн хэрэг. Авгай ч өөрийгөө сурталчилж чадах аж. Боссон байшин бүр түүний нэртэй холбогдох боллоо. Эргэн тойрондоо байгаа нөхцөлийг ч Филатова сайтар мэдэрч, нэр алдар, эрх мэдлээ нэмэгдүүлэх аргаа сайн мэдэж байв.

Дарангуйллын системд байнга болж байдаг албан ёсны том хурал, зөвлөлгөөн, ойн баяруудаар тэр үг хэлж, гадаад дотоодын сурвалжлагчийн өмнө хамгийн дээд зиндаанд хэвлэлийн бага хурал хийлгэдэг болов. Гадаадын төрийн зүтгэлтнүүдийг ирэхэд айлчлалын хуваарьт нь ороогүй ч байсан шууд өөрчлүүлэн өөрийн бүтээн байгуулалтыг үзүүлж магтуулан өөрийгөө сурталчилахаа мэднэ. Никарагуагийн Сандиногийн удирдагч Даниэль Ортега Монголд айлчлахад, ирэнгүүт нь “Найрамдал” хүүхдийн зусланг “Азид өөр хаана ч байхгүй зуслан” хэмээн магтаад айлчлалын хуваарьт шууд өөрчлөлт оруулан аваачиж үзүүлсэн[12] нь энэ үед байнга тохиолдоод сурчихсан ердийн л нэг “протокол” байлаа. Тэр сайн зохион байгуулагч байсан уу? Тэр аугаа санаачлагч байсан уу?

Эргэлзээтэй. Түүнд өөрөө зүтгэж байж олж авсан хязгааргүй их эрх мэдэл байлаа. Түүнд дураараа зарцуулах эрхтэй асар их хөрөнгө байлаа. Түүнд хэлснийг нь тэнгэрийн зарлиг мэт сохроор биелүүлдэг бүхэл бүтэн боолын арми байлаа. Тиймээс тэр юу хүссэнээ л хийж чадаж байсан юм.

СнЗ-ийн орлогч дарга, Ардын хянан шалгах хороон дарга Ц.Молом 1983 онд ажлаасаа хусуулсан төдийгүй шийтгүүлжээ. Тэрээр жилдээ 50-60 сая төгрөгийг ямар ч хяналтгүй зарцуулж буй Хүүхдийн төлөө фондыг шалгах хуваарь гаргажээ. Учир нь Ардын хянан шалгах хороо гэдэг нь улс орны нутагт буй бүхий л санхүүг байнга шалгаж байх үүрэгтэйгээр байгуулагдсан газар. Тиймээс Молом өөрт ноогдсон ажлаа л хийж байсан хэрэг. Ийм хуваарьт Хүхдийн төлөө фонд багтсаныг олж мэдсэн Филатова боож үхэх дөхөв. Цэдэнбал Моломыг дуудаж авчраад “Чи ямар санаатай Хүүхдийн төлөө фондын үйл ажиллагааг шалгах гэж байна!” хэмээн уурсчээ. Урьд нь Ардын хянан шалгах хороонд шалгуулж гомдолтой хоцорсон томчууд энэ ууран дээр нь тоглов. Мань хүнийг УТТ-гоор оруулан хэлэлцлээ. “Би Цэдэнбалын нутгийн хүн учир намайг дэмждэг гэж ярьж явдаг” гэсэн үгээр баалан “...нам, төрийн удирдагчдын нэр хүндийг унагах, албан тушаалд нь халдах, хутган үймүүлэх үйл ажиллагаа явуулсан” гэж буруушааж намаас хатуу донгодож, хувийн хэрэгт нь тэмдэглэн, ажлаас нь халах”[13] шийдвэр гаргасан байна.

Тухайн үед Үндэсний нийт бүтээгдэхүүн 2 тэрбум орчим төгрөг, үүнээс 900 сая орчим төгрөгийг нийт аж ахуйн үйлдвэрлэлд зарцуулдаг байсантай[14] Хүүхдийн төлөө фондийн жилийн зарлага 50-60 сая төгрөгийг харьцуулахад аль зэрэг их мөнгө болох нь ойлгогдоно. Үндэсний нийт бүтээгдэхүүний 3 хувь, Нийт аж ахуйн үйлдвэрлэлд (тэр үед аж ахуйн үйлдвэрлэл гэдэгт цэргийн зардлын хамтруулан тооцдог байв.) зарцуулах мөнгөний 7 хувь болж байна.

Филатова Монголд 40 шахам жил амьдарчихаад энэ ард түмний зан заншил, түүхэн уламжлал, харилцааны өвөрмөц хэлбэрийг хүндэтгэх байтугай анхаарч үзэж байсан нь үгүй. Тэрээр өөрөө монгол хэл сураагүйгээр үл барам үзэн яддаг энэ хэлийг монгол эцэгтэй хүүхдүүддээ ч сургасангүй. Хүү Зориг нь хожим “Та нар надад монгол хэл сургасангүй” гэж гомдоллоход “Ээж чинь чамайг монгол хүүхдүүдтэй нийлж халдварт өвчин авчихаас айдаг байсан юм”[15] гэж эцэг нь хариулжээ.

Гол нь авгайгаас болж Цэдэнбалынхны мөнгө төгрөг, эд баялгийн асуудал тун ч ээдрээтэй, эргэлзмээр болж эхэлжээ. Фонд албан газруудаар дамжуулан хандивын хэлбэрээр улсын төсвийн мөнгийг сая саяар нь хураадаг боловч түүний зарцуулалт нууц, шалгах гэж оролдсон нэг нь арга хэмжээ авахуулж байв. Энэ нь нийтийг хамарсан хардалт сэрдэлт үүсгэн янз бүрийн домог, түүх зохиогдоход хүрсэн юм. Түүнээс гадна хувийн их маапаан байлаа. Цэдэнбалынхны тарааж өгдөг бэлэг сэлт учир тоймоо алдав. Тэрээр зөвхөн гадаадад нэг удаагийн явалтаар дунджаар 75 мянган төгрөгийн бэлэг авч явна. Араб үлгэрт гардаг шиг тэрээр онгоцны багийнхан, үйлчлэгчид гээд л хэн таарсанд нь үнэт бэлэг цацаж явах аж. Цэдэнбал зөвхөн 1976-1984 оны наймхан жилд улсын бэлгийн сангаас 3 сая 65 мянган төгрөг зарцуулжээ[16]. Энэ бол дундаж албан хаагчийн жилийн нийлбэр орлого нь 5-6 мянган төгрөг хүрдэггүй байсан тэр үеийн хэмжээсээр сансрын тоо ажгуу.

Элдэв ой далимдуулан сайд дарга нар эл хосод алт, мөнгөн аяга зориуд хийлгэн янз бүрийн үнэ цэнэтэй бэлэг өгч долгинодог нь ердийн үзэгдэл болсон ба эр эм хоёр ч үүнийг ихэд олзуурхан өөгшүүлнэ. Авгай хүүхдүүддээ “Мерседес”, “Фолкшваген” зэрэг барууны машин улсын мөнгөөр хувьд нь авч өгөх, тэр байтугай сэлбэг хэрэгслийг нь хүртэл сангийн мөнгөөр авч дарж нөөцөлдөг байв[17]. Иймэрхүү жишээ дэндүү их. Рагчаагийн гэрчилж буйгаар Цэдэнбал түүнд 1,3 сая төгрөгний хадгаламжийн дэвтрээ үзүүлж гайхуулсан гэнэ. “Цэдэнбалыг зөвхөн ажлын төлөө зүтгээд, хувийн амьдрал ахуйгаа мартсан хүн гэсэн миний ойлголт биш боллоо” хэмээн хорь гаран жил дотно байсан тэр хүн нь гайхан дуу алджээ[18]. Авгайн санаачилгаар тэд Москвад харш бариулж эхэлсэн нь бүр ч сонин хачин хэрэг болж өрнөв. Хязгааргүй зарцуулах эрдэнэсийн сан маягтайгаар түүнд Монгол орон харагддаг боллоо.

baabar.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу