2024.03.29, Friday
spot_img
НҮҮР1“Бадамсүрэнг баалах хэрэггүй” хэмээсний учир

“Бадамсүрэнг баалах хэрэггүй” хэмээсний учир

Ийм гарчигтай нийтлэл “Зууны мэдээ” сонины мягмар гаригийн дугаарт нийтлэгджээ. Нийтлэлийг эх сурвалжаа болгосон мэдээллийн зарим сайтууд Х.Бадамсүрэнгийн “хам хэрэгтэн” болов. Харамсалтай нь гарчигний цаадах агуулга буюу нийтлэлийг бүрнээр нь үзсэн хүн тун цөөхөн бололтой. Ганц Х.Бадамсүрэнд учир байсан гэж үү?

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа санаачлан батлуулсан Шилэн дансны хуулийн /Төсвийн зарцуулалтыг олон нийтэд ил тод мэдээлэх тухай/ ачаар олонд “шилэн” хэмээн алдаршсан Б.Цогтгэрэл “Эрдэнэт” үйлдвэрийн дансаар гарсан гүйлгээний баримтуудыг жиргэсний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг байгууллагынхаа данснаас төлүүлсэн нь “илчлэгдэв”. Уг нь бол дурын иргэн ороод үзчих боломжтой зүйл л дээ.

Ерөнхийлөгч асан Н.Багбандийн номын шахаа /”Титэм үг” 1000 ширхэг/, өөр бас бус баримтууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хийсэн гэрээ… гэх мэтчилэн. Зэрэгцээд Уул уурхайн сайд Г.Ёндонгийн “Монголросцветмет”-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа мөн л хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрийн өмчит үйлдвэрийн газрын данснаас төлсөнийг зарлав. Манай голоор нэг уй гашуу… УИХ дахь АН-ын бүлгээс түүнийг “Ёс зүйгүй сайд” хэмээн нэрлэж огцруулах шаардлага гаргасан байна.  Асуудлын гол нь энэ хоёр хүнд байсан гэж үү?

Одоогоос гурван жил гаруйн өмнө /2017 оны хоёрдугаарт сард/ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид авахаар УИХ-ын тогтоол батлах үед, дараа нь тус үйлдвэрт онц байдал тогтоон санхүүгийн бүх эрх мэдлийг Засгийн газар гартаа авах үед ингэж бухимдсан хүн 49 хувийнхнаас өөр байсан билүү? “Төр өмчөө мэддэг юм”, “Байгалийн баялаг бол ард түмний өмч” /Байгаль дээр байхдаа л “хэний ч биш” буюу ард түмний дундын өмч байдаг байх. Харин ухаад гаргаад ирэхээрээ хэн илүү өртөг шингээсэн, түүний өмч болдог номтой/ энэ тэр гэсэн попуудын үгэнд итгэн алгаа хорстол ташсан буйзаа. Харин өнөөдөр нөгөө “ард түмний өмч” хэмээгдсэн ТӨҮГ нь үнэн төрхөө харуулав. “Төрийн өмч” гэдэг ард түмний өмч бишээ гэдгийг. Ард түмний өмч юмсан бол би ч, та ч ялгаагүй хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлмээр л байгаа биз дээ. Даанч тийм боломжгүй. Хэн илүү хөдөлмөрлөсөн нь биш, хэн эрх мэдэлтэй нь илүү хувь хүртэнэ гэсэн үг.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд 10 саяас дээш үнийн дүнтэй бараа үйлчилгээ худалдан авах тохиолдол бүртээ тендер буюу сонгон шалгаруулалт зарлах ёстой. Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тус үйлдвэрт дайран орж, Онц дэглэм тогтоосноор Эрдэнэт үйлдвэр дотор Монгол Улсын ямар ч хууль тогтоомж үйлчлэхээргүй болсон билээ. Хэвлэлтэй байгуулсан гэрээ, 25 сая төгрөгийн номын шахаа, сургалтын төлбөр энэ тэр бол зүгээр хүүхдийн зугаа. Цаана нь хэдэн зуун тэрбумын дүнтэй том том худалдан авалтууд сонсогдож л байдаг. Тэрэнгүйгээр МАН өнгөрсөн хоёр сонгуулийнхаа мөнгийг яаж босгосон байж таарах вэ? Улс төрийн нам мөнгө үйлдвэрлэдэг гэж арай бодоогүй биз дээ.

Харин “Шилэн” Цогоо тэдгээр том тоонуудыг олж хараагүй нь ч гэсэн сонин. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон Л.Оюун-Эрдэнэ бас яагаад дуугаа хураав?

Гэвч муу юманд ч гэсэн сайн тал бий гэдэг. Цогоогийн хувьд Х.Бадамсүрэн “асуудал” /Магадгүй хэн нэг нь Х.Бадамсүрэнгээ зайлуулах шалтаг хайсан биз/ байж болох ч түүний үлээсэн “шүгэл” өөр том асуудлыг олж харахад тус болох буйзаа. Төрийн өмч гэдэг ийм л байдаг. Хэн дуртай, шуналтай нь гар дүрж болдог гэсэн үг. Тэнэг л биш бол Н.Багабанди “Титэм үг”-ээ шахах нь зүй ёсны асуудал. Манай гурав дахь Ерөнхийлөгч ч бас МИАТ-ийн мөнгөөр ном хэвлүүлээд үүнээсээ болж ял авч байсан юм шүү дээ.

Тэгэхээр асуудал Х.Бадамсүрэнд, Н.Багабандид, Г.Ёндонд биш байх нь. Төр өмчтэй байгаад л асуудал байна. Төрийн өмч гэдэг ард түмний өмч биш гэдэгт асуудал байна. Хэрвээ Х.Бадамсүрэнгийн өөрийнх нь өмч байсан бол ингэж талаар нэг цацах уу? Л.Оюун-Эрдэнэ жишээ нь хувийнхаа өмчид ингэж хандах байсан уу?

Б.СЭМҮҮН

Холбоотой мэдээ