“Эрдэнэс-Тавантолгой” компани нэгж хувьцаандаа 90 төгрөгийн ногдол ашиг олгосон. Гэхдээ 10 хувийн татвар суутгагдаж, 81 төгрөгөөр бодогдож, иргэдийн дансанд энэ сарын 3-наас хувьцааны ногдол ашиг орж эхэлсэн билээ. Нэн тэргүүнд нэг сая 170 мянган иргэн үнэт цаасны компанид дансаа нээлгэж, арилжааны банкны дансаа баталгаажуулж өгсөн 7000 иргэний мэдээлэл зөрүүтэйгээс гүйлгээ буцсан байна.
“Бид “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 2019 оны ногдол ашиг тараах ажлыг зохион байгуулж, бэлтгэл хангасан. Нэн тэргүүнд нэг сая 170 мянган иргэн үнэт цаасны компанид дансаа нээлгэж, арилжааны банкны дансаа баталгаажуулж өгсөн. Эдгээр иргэний арилжааны банкны дансыг бид баталгаатай гэж үзэхгүй. Тийм учраас дансыг нь баталгаажуулахын тулд “Төрийн банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт” банк, “Капитрон” банк, “Хаан” банк зэрэг нэр бүхий зургаан банктай мэдээлэл солилцох гэрээ хийсэн. Бид нийт 13 арилжааны банктай хамтран ажилласан.
Үнэт цаасны компаниудаас ирсэн мэдээллийг арилжааны банк руу явуулснаар “Энэ хүний данс үнэн зөв, баталгаатай байна” гэж баталгаажуулсан. Наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1.857.491 иргэний баталгаатай дансыг Төрийн сан дахь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн данснаас багцын гүйлгээгээр өчигдөр (2020.09.03) шилжүүлж дууслаа” гэж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа хэлсэн юм.
Үнэт цаасны компанид дансаа нээлгэж байсан мөртлөө ногдол ашгаа арилжааны банкны ямар дансны дугаараар авах вэ гэдгээ баталгаажуулаагүй 600 мянга гаруй иргэн байна. Эдгээр иргэд үнэт цаасны компани дээрээ очиж, дансаа баталгаажуулж амжихгүй байгаа бол ebarimt аппликейшн ашиглан, ногдол ашгаа авах боломжтой.
Хувьцааны ногдол ашиг бэлэн байгаа учраас иргэдийн мэдээллийг явуулж, Монголбанкаар дамжин арилжааны банкуудаар иргэдийн дансанд шилжүүлж буй. Дараагийн долоо хоногт арилжааны банкны дансаа баталгаажуулсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг шилжих юм.