Засгийн газраас Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг УИХ-д өргөн барина.
Тодруулбал, шинэ Засгийн газар хэдэн яам, агентлагтай байх бүтэц, бүрэлдэхүүнээ хуульд тусгаж, УИХ-аар батлуулах юм. Батлуулсан хуулийн дагуу Засгийн газраа байгуулах юм. Одоогоор Засгийн газраас хуулийн төслөө УИХ-д өргөн бариагүй байгаа бөгөөд өнөөдөр УИХ-ын чуулган болон байнгын хороод хуралдахгүй юм байна.
Ирэх долоо хоногт Засгийн газраас хуулийн төслөө УИХ-д өргөн баривал УИХ дахь намын бүлгүүд болон холбогдох байнгын хороод, нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. Засгийн газрын одоогийн бүтцийг өөрчилж, Соёлын яам байгуулна гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдээд байгаа. Тиймээс одоогийн Засгийн газрын бүтцэд тодорхой хэмжээнд өөрчлөлт орж, яамдын тоо нэмэгдэхээр байна.