2024.04.19, Friday
spot_img
НҮҮРУлс ТөрУ.Хүрэлсүхийн ба Х.Баттулгын бүлэг

У.Хүрэлсүхийн ба Х.Баттулгын бүлэг

Зургадугаар сарын 24-нд явагдсан УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрэлдсэн шинэ парламент анхдугаар чуулганаа хуралдуулж, тангаргаа өргөлөө.

Санал хураалтын “шок”-ноосоо гарсан уу, үүргээ ухамсарласан уу, МАН-тай тохирсон уу, ямартай ч Үндсэн хуульд зааснаар анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга санал хураалтын дүн гарснаас хойш зургаан хоногийн дараа зарлаж, нээж хэлсэн үгэндээ эрх баригч МАН-д болоод сөрөг хүчин АН аль, алинд нь анхааруулга, сануулга илгээв.

Тэрбээр “… Өмнөх УИХ-ын гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэн хөнгөлөлттэй зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан их хэмжээгээр, олноороо авсан увайгүй хэрэг гарсан. Мөн хүний амь хөнөөсөн, хүчин хийсэн, улсын сангийн мөнгийг, газрын баялагтай лицензийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон гэмт хэрэг, ёс зүйгүй үйлдэлд УИХ-ын гишүүд удаа дараа нэр холбогдож, хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг унагах, ард иргэдийн итгэлийг алдах явдал удаа дараа гарч байлаа. Хуульд УИХ-ын гишүүд гэмт хэрэг үйлдэж байх үед үйлдэл дээрээ, газар дээрээ баригдсан үед л хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг өөгшүүлсэн заалт гэж ойлгогдохоор болоод байгаа юм. Үйлдэл дээр нь барих, илрүүлэх гээд сахиад явах боломж байхгүй нь ойлгомжтой тул үүнийг өөрчлөх цаг болсон” гэж У.Хүрэлсүхийн хамгийн эмзэг цэгүүд дээр хатгахаа мартсангүй.

ЖДҮ-гийн дуулиан У.Хүрэлсүхийн засагтай ч, намтай ч холбогддог. Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, Х.Баделхан зэрэг ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа гурван хувийн хүүтэй зээл аваад өгчихсөн олон хүн МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсныг яаж  олон нийтэд “сануулахгүй, шоглохгүй” өнгөрөх билээ, Төрийн тэргүүн. Түүнчлэн У.Хүрэлсүхийн байгуулах шинэ засгийн газар Я.Содбаатар, Ж.Энхбаяр мэтийн ЖДҮчид сайд хийх тухай шар бор мэдээлэл ч цацагдах болсон билээ. Тиймээс үүнийг нь давхар сануулах нь “эв нэгдлийн” тэргүүний үгэн доторх үг байсан ч биз.

Парламентын сонгуульд дараалсан ялагдал хүлээсэн Ардчилсан намд хандсан Ерөнхийлөгч Х.Баттулгын үг нь “Ардчилсан намд өгч байгаа бодит үнэлэмж, мөн сануулга юм. Намаа шинэчилсэн шиг шинэчлэхгүй, бүлэглэлийн эрхшээлд байсаар байвал улс төрийн тавцангаас арчигдахын тэмдэг юм. Цаашид ардчилсан үзэл баримжаатай намууд эвсэж ажиллах, хүчээ тарамддаг арга барилаасаа салах шаардлага тулгарч байгааг ч үйл ажиллагаандаа анхаарах, тусгах ёстой болж байна. Энэ сонгуулийн үр дүнгээр сонгогчдын 54 хувийн дэмжлэгийг хүлээсэн нам, эвслүүдийн оролцоо гээгдэж байгаа нь сонгуулийн тогтолцооны гажуудал, сөрөг хүчин олигтой ажиллаагүйн хар гай гэж үзэхээс өөр арга алга”.

Үнэндээ, Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадаагүй, бүлэг нь задарч, зөвлөлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулсан. “Улс төрийн нөхцөл байдлыг зөв үнэлж, таарах стратеги тактик боловсруулж чадаагүй” нь ч үнэн.

Гэхдээ энэ бүхэнд С.Эрдэнэ ганцаараа буруутай биш. Намынхаа нэртэй зүстэй болгоныг нь гадаад, дотоодын медиагаар нүдүүлж, хууль, шүүхээр баривчлуулж, хог шаар болгосон Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын ялагдалд ямар ч буруугүй хүн бас биш ээ.  Эрлийз, хурлийз, хужаа болгохоос эхлээд мүүнчин, хар тамхичин, оффшорчин, Оюутолгойнчин болгож хувиргасан нь хэний хэзээнээс дэглэсэн сценари билээ дээ. Ямар сайндаа ялагдлаа хүлээхдээ АН-ын экс дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойлголцож ажиллаж чадсангүй гэж хэлэхэд хүрэхэв.

Ийнхүү  Монголын төр эхнээсээ эмхлэгдэж, төрийн эрх мэдэл МАН-аас МАН-д, засгийн эрх мэдэл У.Хүрэлсүхээс, У.Хүрэлсүхэд шилжиж, ирэх  өдрүүдэд улс төрийн гол тоглолт Х.Баттулга, У.Хүрэлсүх гэх хоёр хүний дунд явагдах нь нэн ойлгомжтой болж байна.

Ерөнхийлөгчийн сануулснаар У.Хүрэлсүхийн “бүлэг” одооноос жаран тэрбум, МАНАН-д буруугаа тохох эрхгүй болсон гэсэн үг. У.Хүрэлсүх ямартай ч замдаа тээглэж байсан өрсөлдөгчдөө цэвэрлэж чадсан. Харин “утсан хүүхэлдэй” хэвээр үлдэх үү, улсын лидерээр нэрлэгдэх эсэх нь түүний засгаа хэрхэн эмхлэхээс нь эхэлнэ. Хийж буй ажлаа үргэлжлүүлэх боломж Монголын өнгөрсөн 30 жилийн түүхэнд С.Баяр, У.Хүрэлсүх нарт оногдсон. С.Баярын хамтарсан Засгийн газар Оюутолгойн төслийг хөдөлгөсөн бол У.Хүрэлсүхийн “халаасны” засаг Оюутолгойн гэрээг шинэчлэх, Тавантолгойн төслийг урагшлуулах ёстой. Хэрэв тэр үнэхээр лидер мөн бол хувийн өс хорслоо Төрийн ордны гадаа үлдээх ёстой юм.

Нэрэн дээрээ сонгуулийн дүнгээр МАН үнэмлэхүй ялж, АН, МАХН, Зөв Хүн Электрот сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээр болж буй. Гэвч, нидэр дээрээ тангаргаа өргөсөн шинэ парламентад намуудын биш Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын бүлэг гэж байгуулагдах нь ойлгомжтой болжээ. Тиймээс АН-ын бүлгийн даргаа “бидон” Д.Ганбатыг томилсон нь Ерөнхийлөгчийн улс төрийн нэг өрөг нь.

Ерөнхийлөгчийн дараагийн сумны бай нь Сонгуулийн ерөнхий хороон дээр буусан. “Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвших эрхээ авчихсан 6 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа өрнүүлж яваад, шүүхийн шийдвэрээр тусгаарлагдан хоригдлоо.

Сонгуулийн Ерөнхий хороо үүнд ямар ч тайлбар, үйлдэл хийсэнгүй. Тэдний эс үйлдэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 “…Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно”, 35.2.1 “…эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно” гэж заасан нь зөрчигдсөн мэт ойлголтыг олон нийт, сонгогчдод бас төрүүллээ. Энэ бол Сонгуулийн Ерөнхий хорооны ноцтой алдаа” гэсэн нь ч үнэн.  Ерөнхийлөгчийн хэлснээр яллагдагчаар татагдсан хүмүүст СЕХ нэр дэвших боломж олгосон энэ удаагийн сонгуулиар илэрсэн гажиг биш. Өмнө нь, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар яллагдагчаар татагдсан Х.Баттулгад нэр дэвших эрхийг нь олгосноор өнөөдрийн завхралын эхлэлийг тавьсан юм.

Найм дахь удаагийн сонгуульд урд өмнөхөөс ялгарсан хамгийн том онцлог нь зургаагийн зургаан нэр дэвшигчийг шүүхээс хорьсон, анх удаа шоронгоос ялалт байгуулсан гээд У.Хүрэлсүхийн он цагийн түүхэнд үлдэх түүх бас олон байна.

Төрийн тэргүүний үгнээс харахад сонгуулийн өмнөх шүүхийн баривчилгаануудын захиалагч нь тэр өөрөө байж мэдэхээр сонсогдов. Мэдээж, Ерөнхийлөгч ажлаа муу хийсэн СЕХ-ны дарга нарыг ажлаа өгөхийг шаардах нь зүйн хэрэг. Ажлаа муу хийсэн бол өгч таараа. Гэхдээ СЕХ-ны тал хагас нь өөрийнх нь шургуулсан хүмүүс гэдгийг Ерөнхийлөгч өөрөө сайн мэдэж байгаа. Өөрийнх нь Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаагаас нь эхлээд өнгөрсөн нэгдүгээр сар зургаан хүнийг СЕХ-нд “шахсан” шүү дээ.

Ийнхүү парламентад бүлэгтэй болсон Ерөнхийлөгчийн үгнээс ирэх 2021 оны сонгуульд нэр дэвших санаархал нь нэвт үнэртсэн. Үүний тулд эхлээд СЕХ болон АН-ыг өөрийн хүмүүсээр солих нь тодорхой болж байна. Товчхондоо, АН, МАН төдийгүй бие даагч гээд “Муураа нуусан хумснууд” нэр дэвшээд байсан шалтгаан нь ч энэ байлаа.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!