Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр (2020.06.11) 11.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон. Гэвч шүүгдэгч Ж.Эрдэнэбат гэм буруугийн хуралдаа ирээгүй, 10 тэрбум төгрөгийн барьцааг шүүхийн дансанд байршуулаагүй гэсэн шалтгаанаар Ж.Эрдэнэбатыг зургадугаар сарын 16 хүртэл цагдан хорих захирамж гаргажээ.
Ж.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байгаа ба Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзах үеэр “Надад 10 тэрбум төгрөг байхгүй. Тийм их мөнгийг би хаанаас олж, шүүхийн дансанд байршуулах вэ” гэж тайлбарласан нь бий.
Сануулахад, шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Отгонбаатарт авсан хязгаарлалт тогтоох, бусадтай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг зургаадугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тус тус өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “…Шүүх яллагдагчид мөнгөн хэлбэрээр барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч болно”, мөн хуулийн 4 дэх хэсэг “Барьцааны хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, …байдлыг харгалзан тогтооно” гэж заасны дагуу Ж.Эрдэнэбатад 10 тэрбум төгрөгийн, яллагдагч Б.Отгонбаатарт 10 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зургаадугаар сарын 9-ний өдрийн дотор шүүхийн тусгай дансанд байршуулахыг үүрэг болгож шийдвэрлэсэн юм.