Найм дахь удаагийн сонгуульд 15 нам, дөрвөн эсвэл, бие даагч гээд зүсэн бүрийн хүмүүс нэр дэвшиж байна. Мэдээж, уулын мод урттай богинотой гэгчээр тэдний дунд топууд нь байна. Попууд ч нэр дэвшиж байгаа. Уйлдаг,дуулдаг, зурдаг, барилддаг, шүлэглэдэг, шүгэлддэг гээд сонгогчид өнөөдөр нэр дэвшигчийн бал, бурам шиг үгэнд ёстой л “цэцгэнд төөрсөн эрвээхий” шиг байна.
Гэхдээ нэр дэвшсэн болгон гишүүн болохгүй. УИХ-ын мандатын тоо ердөө 76, горилогчид 589.
Хэний нэрийг дугуйлах нь сонгогчийн эрх. Гэвч эрхээ эдлэхдээ ирээдүйгээ бодож зураарай. Нэр дэвшигчдийн мянган сайхан амлалтаас бодлогын бодит амлалтыг дэмжиж байж улс хөгжинө, амьдрал сайжирна. Гурил будаа, тав арван цааснаас саналаа худалдчихаад дараа нь уйлж, гоншигнох ч хэрэггүй. Үнэгүй байр, халамж амлаж байвал хавханд оруулна л гэсэн үг. Товчхондоо, загас амлаж байгаа хүнээс илүү загас барьж өгөх аргыг зааж буй нэр дэвшигчийг сонго.
Парламент нь үндсэн дөрвөн үүрэгтэй.
- Нэгд, хууль тогтоох
- Хоёрт, төсөв батлах
- Гуравт, Засгийн газарт хяналт тавих,
- Дөрөвт, Ард түмнийг төлөөлөх.
Түүнээс танай хорооны хогийг ачиж, сумын төвд эмнэлгийн машин бэлэглэх албагүй бас үүрэггүй. Харин тэднээс яаж ажилтай, орлоготой болгох вэ, иргэдийн орлогыг хамгаалах эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлэх вэ, өрхийн амьжиргааг дэмжих бодлого юу вэ, хуулийн засаглалыг бэхжүүлэхэд яаж оролцох вэ, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх гарц нь аль вэ, боловсролын салбарт реформ хийж чадах уу гэж асуу.
Баян хүний өмчийг хураагаад ядуу хүнд “баялаг” болгон тараана гэж байгаа, цаазын ялыг сэргээж, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжинэ гэсэн хүмүүст нүүр битгий өг. Өнөөдөр хэн нэгний компанийг дээрэмдэнэ гэж ярьж байгаа хүн бол маргааш хэн нэгний аяга хоолыг булаана гэсэн үг. Бусдын амьд явах эрхийг булаахыг хүсч буй хүн та бидний толгойг авахгүй гэсэн баталгаагүй.
ПАРЛАМЕНТ БОЛ ТАЙЗ БИШ
АН-аас Дундговь аймагт нэр дэвшиж буй Б.Наранхүү сонгогдвол ирцээрээ нэгд байхаа амлаж буй бичлэг эзэнтэй онигооны тоог нэмэв. Дундговийнхон түүний хэлсэн үгэнд инээх биш зүй нь хөөгөөд явуулах ёстой байлаа. Гэвч, энэ бол Б.Наранхүүгийн буруу биш л дээ, хар масст тохирсон үгийг тэр хэлсэн. Ямар сонгогчид байна, тийм л хүмүүс төр барьдаг.
Чуулганы танхимыг тайз гэж эндүүрдэг хүн олон. Жишээ нь, Ж.Батзандан байна. Хууль тогтооч биш энтертаймент менежер болоод хувирчихсан. С.Жавхлан өнгөрсөн дөрвөн жил УИХ-д суухдаа төрийн дуулалтай үлдэх шив дээ. Яруу найрагч Г.Мөнхцэцэг өнгөрсөн дөрвөн жил ямар хууль санаачлав. Хууль батлах нь тайзан дээр шүлэг унших, дуу дуулах, бөх барилдах шиг амархан асуудал биш. А.Сүхбат ЖДҮ авснаас өөрөөр УИХ-д сууны “гавъяа” юу байв. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн хүссэнээр Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг хөөгөөд гаргачихвал эдийн засаг юу болж хувирах вэ
Сонгуулиас сонгуулийн хооронд парламентын чадамж, үнэлэмж муудаж буйг бүгд шүүмжилдэг. Өнгөрсөн сонгуулиар МАН-аас бор халзан хонь дэвшсэн ч гарч ирэхээр байсан нь хонины буруу биш сонгогчдын буруу. Одоо тэгээд Л.Өнөрчимэг, М.Чингисхаан, П.Шинжээравдан, Д.Жагар нар гараад ирвэл Монголын парламент Шар хадны эмнэлэг болж хувирах уу.
Товчхондоо, парламент бол хууль тогтоогч байгууллага гэж сонгогчид ойлгодог болсон цагт УИХ төлөвшиж, ёс зүйтэй, босго нь өндөр болно. Өнөөдрийнх шиг “эзнээ голоогүй дурнууд” нэр дэвшихгүй болно.
ЭНТЕРТАЙМЕНТЧИД БИШ ЭДИЙН ЗАСАГЧИД, ХУУЛЬЧИД ХЭРЭГТЭЙ
Цар тахлын улмаас ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, экспорт, импорт буурах нь нэгэнтэй ойлгомжтой болсон. Хар, саарал жагсаалтаас гарах, ОУВС-тай цаашид хамтрах эсэхээ шийдэх, бондын өр төлбөрүүдийг цаг хугацаанд төлөх эдийн засгаа сэргээх, хөгжүүлэх том ачаа шинээр бүрдэж буй парламент, Засгийн газарт оногдож байна. Харин ийм хүнд үед бодлого ярьдаг, эдийн засаг, эрх зүй ярьдаг мэдлэг, боловсролтой олон хүн нэр дэвшиж буй нь талархууштай. Хэрэвзээ бид зөв хүнээ олж дугуйлж чадвал шүү дээ. Жишээлбэл, Х.Тэмүүжин, Д.Лүндээжанцан, С.Баярцогт, Д.Сумъяабазар, Р.Амаржаргал гээд мэргэшсэн парламентчид нэр дэвшиж байна. Б.Энхбаяр, С.Эрдэнэболд, Ц.Баатархүү, Ч.Өнөрбаяр, Ж.Эрхэмбаатар, Д.Мөнх-Эрдэнэ зэрэг хуулийн мэдлэгтэй залуус хүч үзэж байгаа.
Да.Ганболд, Т.Доржханд, Б.Бямбасайхан, Э.Долгион, Х.Булгантуяа, Ч.Хүрэлбаатар гэсэн эдийн засагчид өрсөлдөж буй.
Хэрэвзээ маргааш сайхан амьдаръя гэвэл өнөөдөр зөв сонголт хийх хэрэгтэй. Хууль ойлгодог, тоо уншдаг гишүүнтэй болмоор байна уу. Эсвэл дуулдаг, зодоглодог, шүлэглэдэг, уйлдаг, жагсдаг УИХ-тай болох уу. Зургадугаар сарын 24-ны сонголтынхоо хариуцлагыг ирэх дөрвөн жилийн амьдралаараа үүрнэ гэсэн үг.
НЭР ДЭВШСЭН НЬ БИШ СОНГОСОН НЬ БУРУУТАЙ
Нэр дэвшигчид амандаа орсноо амлаж байна. Хэрэвзээ хэн нэгэн үнэгүй юм, халамж хайр амлаж байвал тэр амлалт хэзээ ч биелэхгүй гэсэн үг. Харин бодит гаргалгаа, тоо баримт ярьж байгаа бол түүнд итгэ. Нэг үеэ бодвол, нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг хаанаас бол хаанаас авч болж байна.
Популистуудын хувьд эдийн засаг, иргэдийн амьдрал сонин биш. Хувийн эрх ашиг чухал. Гэтэл ирэх дөрвөн жил эдийн засгийн хамгийн хүнд сорилтууд монголчуудыг хүлээж байгаа. Тиймээс амаараа амлаж чадахыг нь биш реформ хийхийг нь олж сонго. Энэ удаагийн сонгуульд монгол ялначууд, анти чайна үзэлтнүүд, уул уурхайн эсрэг хөдөлгөөнийхөн, энтертайментчид, популистууд нэр дэвшиж байна. Угаасаа Монголын улс төр популимздаа идэгдсэн, хэн их популимз хийнэ сонгогддог нь сонгогчдын боловсролгүйн үйлийн үр юм.
Тиймээс монгол дээл өмсөж, морь унасан, гэр хорооллыг фоноо болгосон, утсаар ярьж, цагаа харсан, шударга ёс, эх орончийн нэр зүүсэн худалчид, популист нэр дэвшигчид олон байна. Тэд өнөөдөр бурхан шиг л амлаж байна, харин Төрийн ордонд орсныхоо дараа чөтгөр шиг болдог. Ц.Нямдоржийг хар л даа, өнгөрсөн дөрвөн жил “Эрдэнэт”-ийн 49, С.Зоригийн хэргийг улстөржүүлж гүйсний шалтгаан нь өнөөдөр Орхонд нэр дэвшсэн явдал. Гудамжинд гарахаас “айсан” тэтгэврийн өвгөд, эх орончийн дүрд нуугдсан шантаажчдыг сонгож, дараа нь амаа алгадуулаад суувал ёстой л С.Жавхлангийн хэлдгээр “тавилан” болох байх даа.
ПАРЛАМЕНТЫН МУУХАЙ ХАРАГДУУЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ!
Монголд институцийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хоёр нам бий. Ардчилсан нам болон Монгол ардын нам. Гуравдагч хүчнүүдээс хамгийн зөв яваа нь Зөв ХҮН Электрот. Харин бусад нам эсвлүүдийн хувьд тэдэнд үзэл бодол, үнэт зүйлийн нэгдэл гэж байхгүй. Нэг, нэг тамгатай захирлуудын дор үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс парламентаас төлөвшил, ёс суртахуун асууя гэвэл аль нэг нам олонх болох ёстой. Эрээвэр, хураавар парламент бүрдвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд асуудал үүснэ. Парламент чадамжгүй, муухай харагдах тусмаа Ерөнхийлөгчийн засаглал бодитоор амилж эхэлнэ. Үндсэн хуулийн бус аргаар ҮАБЗ-ийн даргад өнөөдөр хууль, шүүхийн бүх эрх мэдэл очсон. Дээр нь парламентаа тавиад туучихвал Үндсэн хуулиа шинэчилсний үр дүн гарахгүй. Монголын парламентыг чадамжгүй болгох сонирхол их гүрнүүдэд байж ч болно. Тиймээс энэ удаагийн сонгуульд хэнийг дугуйлахаас Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол хамаарах юм.