2024.04.23, Tuesday
spot_img
НҮҮРДэлхийВашингтонд цэрэг байрлуулна

Вашингтонд цэрэг байрлуулна

АНУ-ын Миннеаполис хотын хар арьст оршин суугч Жорж Флойдын гэр бүлийн хүсэлтийн дагуу явуулсан хараат бус задлан шинжилгээгээр талийгаач амьсгал нь боогдсоны улмаас нас барсан болохыг тогтоожээ.

Өнгөрсөн сарын 25-нд Жорж Флойд цагдаагийн алба хаагч баривчлах үеэр түүний хүзүүн дээр өвдөглөж, амьсгал нь боогдож, хожим нь эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт нас барсан нь тус улсад эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үүсэхэд хүргээд байгаа билээ. Баривчилгаанд оролцсон дөрвөн цагдааг ажлаас нь чөлөөлж, нэгийг нь болгоомжгүй байдлаар хүний амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Дэлхийд алдартай шүүх эмнэлгийн шинжээчид Майкл Баден Алиша Уилсон нар Флойд хүзүү, нурууг нь дарж, шахсаны улмаас амьсгал нь боогдож, тархины цусан хангамжийн дутагдалд хүргэсний улмаас нас барсныг тогтоож, түүний үхэл аллага байсан гэж дүгнэжээ. Флойдын артерийн судасны баруун талд даралт өгснөөр тархинд очих цусыг боогдуулж, нуруун дээр даралт өгснөөр амьсгалыг нь боогдуулсан байна. Шинжээчдийн дүгнэлтээр, Флойд хэргийн газар амьсгал хураажээ. “Бидний дүгнэлт хүмүүсийн харсан үйл явцтай тохирч байна. Эрүүл мэндийн ямар ч асуудал түүний үхлийн шалтгаан болоогүй” гэж Бадены мэдэгдэлд дурджээ. Энэ нь түүний хүзүүн дээр өвдөглөсөн цагдаагийн алба хаагч Дерек Шовины эсрэг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг үүсгэх үндэслэл болно гэжээ.

Үүнээс өмнө Миннесота мужийн Хэннэпин тойргийн шүүх эмнэлгийн шинжээчдийн задлан шинжилгээний урьдчилсан дүнг эсэргүүцэн хараат бус задлан шинжилгээ хийх хүсэлт тавьсан билээ. Урьдчилсан дүгнэлтэд Флойдын хүзүүн дээр найман минутын турш өвдөглөсөн хэдий ч үхлийн шалтгаан нь эрүүл мэндийн асуудал, бие дэх согтууруулах ундааны хэмжээ болсон гэж үзжээ.

Африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсанаас үүдэлтэй эмх замбараагүй байдлын үеэр нийслэл Вашингтон хотын аюулгүй байдлыг хангахын тулд АНУ-ын Батлан хамгаалах яам 250 хүртэл цэргийг тус хотод байрлуулах гэж байгаа тухай СNN телевиз Пентагон дахь эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Умард Каролина муж улсын Форт-Брэгг баазад байрлаж буй цэргүүдийг Вашингтонд шилжүүлэн байрлуулах аж. Вашингтон хотод хэдхэн цагийн дараа ирэх цэргүүд хотын аюулгүй байдлыг хангах даалгавартай боловч эсэргүүцлийн ажиллагаа эсвэл эмх замбараагүй байдалд оролцогчдыг баривчлахад цагдаа нарт туслахгүй байна.

“USA Today” сонинд даваа гаригт мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уильям Барр олныг хамарсан үймээнийг дарахын тулд цагдаагийн тусгай ангиудыг Вашингтонд илгээх шийдвэр гаргажээ

Түүнчлэн Вашингтон хотын дарга Мюриэл Боузер нийслэл хотод тогтоосон хөл хорих цагийг хоёр хоног сунгасан байна. Тэрбээр мөн Үндэсний гвардийн цэргүүдийг дайчилжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!