Ардчилал гэж юу вэ?
- Санал өгөх байранд миний санал нууц шүү гэх мэдрэмж,
- Ардчилал бол ном уншихдаа агуу түүхтэй ч цөөхүүлээ гэх эргэцүүлэл
- Ардчилал өглөө бүр уух цай кофены чинь сүү
- Ардчилал бол чиний идэх хоолны чинь амтлагч
- Ардчилал бол чиний итгэл үнэмшил үгээ хэлэх эрх чөлөө
- Ардчилал бол бусдын үгийг сонсохдоо өөртөө эргэлзэх бодрол
- Ардчилал бол чиний тоолох тооны эхлэл
- Ардчилал бол бичиг үсэг тайлагдах цагаан толгойны эхний үсэг
- Ардчилал бол эхээс дөнгөж төрсөн хүүхдийн час хийх дуун
- Ардчилал гэж ардчилал гэж юу юм бэ гэж асуух таны асуулт
Тээр нэгэн жил тэр нэгэн өдөр Сүхбаатарын талбайд түмэн олон цуглаад цагаан морин жилийн ардчилсан өөрчлөлтийн салхийг дэгдээсэн байдаг. Хэн юу ярьж байсныг санахад хэцүү ч сэтгэлд хоногшсон нэгэн үйл явдал мартагддаггүй юм. Жихүүхэн өдөр Сосорбарам анд маань Сүхийн талбайд Эрдэнэ засгийн унагыг уянгалуулж цугласан олон талбайг гороолсноор хүн бүхний зүрхэнд ардчиллын бамбар асаах шиг болсон. Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ.
Монголын ардчиллыг дахин цаашлуулан харах ахул өнөөдөр Монголчууд авторитар дэглэмрүү аажим гулсах уу аль эсвэл эрх чөлөөт хэвээр хөгжих үү гэдгийн зааг дээр зогсож байна. Ардчиллыг үргэлжийн мөнх байх төсөөлөлтэй шинэ үе бий болжээ. Амьдарлын зовлон бэрхшээлтэй тулгарсан хүнд хэцүү үед ардчилал юу юм бэ гэж дуу алдах нэгэн бас байна.
Монголыг Венесуэл болгочихгүй юмсан гэж их ярьж билээ. Бүр алс хол Венесуэлээс Панзарелли докторыг авчирч байсан нь саяхан. Ардчиллыг гарандаа буу барьсан Генерал, Хурандаа нар устгадаг юм биш. Харин ардчилалд ард түмний сонгосон эрх мэдэлтнүүд аюул авчирдаг жишээ дэлхийгээр нэг байна. Эл хэрэгтээ хууль шүүхийнхнийг ашигладаг юм байна. Ардчилал Венесуэлд 34 жил насалсан юм. Хамгийн харамсалтай нь Венесуэлчүүдийн олонх нь өөрсдийгөө ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж итгэсээр 4,3 сая хүн эх орноосоо дүрвэжээ.
Ардчиллыг нэг хүн мөхөөж дийлэхгүй, ардчилал бол та бидний дундын бүтээл амьдралын хэв. Ардчиллын хувь заяа сонгогч бүрийн гарт байна. Сонголт мэргэн байх болтугай!