2020 оны I улиралд манай улсын түүхий эдийн худалдаа зогсонги байдалд орж, гадаад худалдаа агшиснаар эдийн засаг урьд хожид тохиож байгаагүйгээр агшив.
Энэ хугацаанд манай улсын эдийн засаг -10.8 хувь, урд хөршийн эдийн засаг -6.8 хувь, АНУ-ын эдийн засаг -4.8 хувь тус тус агшижээ.
Мөн II улиралд дэлхий нийтээр байдал төдийлөн сайжирахгүй болов уу гэсэн хүлээлт давамгайлж байна.
Уул уурхай түүнийг дагасан худалдааны салбар манай улсын эдийн засгийн бүтцийн 40 хувийг дангаар бүрдүүлдэг. Ийм моно бүтэцтэй Монголын эдийн засагт “Ковид-19” цар тахал хүчтэй, хурдацтай нөлөөлж эхэллээ.
Уул уурхай, олборлолтын салбар -29.5, үйлчилгээний салбар -6.8, бүтээгдэхүүний цэвэр татвар –7.9 хувиар тус тус буурчээ. Харин аливаа цар тахал, дэлхий нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд хүнсний салбар тогтвортой байдаг. Энэ ч утгаараа хөдөө аж ахуйн салбар өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсчээ.
Харин аж үйлдвэр, барилгын салбар 6.4 хувиар тус тус өссөн нь Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлж буй төсөв, мөнгөний тэлэх бодлоготой холбоотой.