2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРУлс ТөрАрдын намын үед авлига ялна

Ардын намын үед авлига ялна

Авлига авсан төрийн дарга нарыг үйлдэл дээр нь гардсан бичлэгээ АТГ-аас дэлгэсэн нь ёстой л хуурай өвсөнд тавьсан түймэр шиг дэгдэв.

Оймсондоо боодол ам.доллар нууж байгаад АТГ-ынханд баригдсан, орондоо их хэмжээний авлигын мөнгөө хадгалсан МХЕГ-ын хурган дарга нарын тэрбумын авлигын хэрэг 40 сая төгрөгийн торгуулиар дууссан нь тохуурхал ч юм шиг, доромжлол ч юм шиг. Тэдгээр авлигачийн авсан мөнгө уг нь зам, сургууль, эмнэлэг, цэцэрлэг болох ёстой байв. Тэд жирийн иргэдийн сайхан амьдрах нийгмээс нь хулгайлаагүй бол шүү дээ. Тэгэхээр  тэд бол хорлон сүйтгэгчид, нийгэм дэх хогийн ургамлууд гэсэн үг.

Эрх мэдэлтнүүд гүтгэн доромжилсон, гүжирдсэн гэж жирийн иргэдийнхээ үг хэлэх эрхэнд халдаж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө Зөрчлийн хуулиар яллах болсон атал тэрбум тэрбумын авлигын хэрэгтнүүдээ торгосон төдийгөөр толгойг нь илж байгааг иргэд жигшиж, зэвүүцэж байна. Тэгэхээс ч аргагүй юм. Жирийн иргэний насаараа хурааж, хуримтлуулж чадахгүй их мөнгө нэг авлигачны оймсноос гарч ирж байна гээд бод доо.

2019 ОН ГАРСААР 8000 ИРГЭН ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГУУЛЖЭЭ. ГЭТЭЛ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЭРЭГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛДОГ, ИЙМ  ШУДАРГА БУС НИЙГЭМД ХУУЛИЙН САЙД Ц.НЯМДОРЖИЙН ШУДАРГА ЁСЫГ ЭРЖ ХАЙЖ СУРАГЛАХААС ӨӨР АРГАГҮЙ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, Ц.НЯМДОРЖ ХУУЛИЙН САЙД УУ, ХУЛГАЙЧДЫН ХАМСААТАН УУ? ХЭРЭВ ХУУЛИЙН САЙД МӨН БОЛ АВЛИГАЧ, АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХЭРГИЙГ ШАЛГАЖ, ШИЙТГЭХ ХУУЛИА ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ. ҮГҮЙ БОЛ ХУЛГАЙЧ НАРЫГ ХУУЛИАР ХАМГААЛСНЫХАА ХУВЬД ӨӨРӨӨ ӨРГӨДЛӨӨ ӨГӨХ ЁСТОЙ ЮМ.

Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Ш.Раднаасэд нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд суулгаж өгсөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь авлигачдад зориулагдсан нь нэгэнтээ ойлгомжтой, тов тодорхой болсон. Учир нь, тэрбумын авлига авсан гэх МХЕГ-ын хурган дарга нарын хэрэг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон билээ. Эндээс харахад авлигын томоохон хэргүүд, АТГ-ынхны хэлдгээр махан идэштнүүдийн асуудал бүгд энэ мэтээр хэрэгсэхгүй болох шинжтэй. Тэгэхээр Монголд авлигын хэрэг яаж буурах вэ дээ.

Үнэндээ Засгийн газрын агентлагийн жижигхээн даргаас боодол, боодол доллар, юань гарч ирж байгаа юм чинь том дарга нарынх нь хувьд бүр ч тоололтгүй, том тоогоор ярьдаг биз.

Авлигад өртөх эрсдэлтэй байгууллагын нэгд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, хоёрт, Ашигт малтмалын газар, гуравт, ГЕГ, дөрөвт, Татварын ерөнхий газар ордог.  АТГ-аас өгсөн мэдээллээ р авлигын 384 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа юм байна. Дээрх гэмт хэргийн улмаас улсад нийтдээ 11.9 их наядын хохирол учирчээ. Товчхондоо, Монгол Улсын жилийн төсвийг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгө. Энэ мөнгөөр төв цэвэрлэх байгууламжаа засч, зам талбайгаа тавьж, төмөр замаа барьж, цахилгаан станцуудаа шинэчилж, олон арван сургууль, цэцэрлэг, орон сууц барих ёстой байсан.

Тиймээс хуулийн сайд Ц.Нямдоржийн байнга ярьдаг  “бараг шударга ёс”-онд иргэд итгэхээ  больсон. Түүний шударга ёс зөвхөн авлигач, алуурчдад үйлчилдэг болохоор тэр.

Улстөрчид нь ёс зүй, хууль нь хатуу, хариуцлага чангатай, шударга нийгэмтэй улсад авлигачид хамгийн хатуу, хүнд цээрлэл хүлээдэг. Тэднийг жирийн иргэдийн сайн, сайхан амьдрах боломжийг хулгайлсных нь төлөө хамгийн хатуугаар шийтгэдэг бол Монголд эсрэгээрээ хуулиар хамгаалж, хуулиар өршөөж өгдөг. Хууль батлагчид нь хулгайчидтайгаа, хулгайчид нь хууль хэрэгжүүлэгчидтэй хамсаатан, хамаатан садангууд болчихдог. Иймээс л Монголд  иргэдэд биш хулгайчдад үйлчилдэг хууль хэрэгждэг.

МАН засгийн эрхэнд гарсны дараа албан тушаалын болон авлигын хэрэгтнүүдтэй тэмцэх хуулийн заалтуудыг өөрчилсөн. Товчхондоо, албан тушаалын болон авлигын хэрэгтнүүд МАН-ын “буян”-аар жирийн иргэдийн дунд сул чөлөөтэй, мөнгө хөрөнгөтэй амьдарч яваа.  Ийм болохоор л Монгол ядуу.

2016 оны сонгуулийн дараа МАН-ынхан Эрүүгийн хуульд дахь “албан тушаалаа урвуулан ашиглах” гэсэн заалтыг хүчингүй болгосноор жижиг дунд үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлсан албан тушаалтнуудтай  хариуцлага тооцох боломжгүй болсон. Олуулаа идсэн МАН-ынхан овоо ч хөлжсөн байх. Одоо зарим нь ЖДҮ бол зээл гэх маягийн цагаатгал яриад сууж байна.

Авлига, хээл хахуультай хатуу тэмцэхээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг бус удаа зарласан. Хэрэвзээ үнэхээр түүний зориг, зүрх хүрэх аваас албан тушаалын хэрэгтнүүд, авлигачдыг өөгшүүлсэн хуулиудаа эргэн харах, зүйл заалтуудыг  өөрчлөх цаг болжээ. Эс бөгөөд бүгдээрээ авлига авцгаая. Авсан авлигынхаа аравны нэгд ч хүрэхгүй мөнгөөр торгуулаад өнгөрье. Ардын намын үед авлига ялна гэж!

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!