2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРМонголН.Номтойбаяр: Ц.Нямдорж хаашаа зугатаах юм

Н.Номтойбаяр: Ц.Нямдорж хаашаа зугатаах юм

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй Н.Номтойбаяр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

Н.Номтойбаяр: -УЕПрокурор Б.Жаргалсайхан УИХ-д худал мэдээлэл өгсөн. Намайг гүтгэн доромжилсон. Тиймээс би нотлох баримт дээр үндэслэж УЕП Б.Жаргалсайханыг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж байна гэв.

Тэрбээр дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Таныг бие дааж нэр дэвшихээ зарласан учраас хуулийнхны шоглоом эхэллээ гэж үзэж байна уу?  

-УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших 208 хүний нэрийг дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ил болгосон. Гэтэл маргааш нь АТГ-аас намайг дуудаад яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилц, өөрчлөлт оруулсан гэсэн. Үүний дараа дөрөвдүгээр сарын 30-ны өглөө НПГ-т надад яллах дүгнэлт үйлдсэн.  Яллах дүгнэлтээ ирж ав гэсэн.  Ингээд намайг албадан ирүүлэх захирамжийг шүүхээс гаргасан. Тодорхой үндэслэл байгаа юм бол яагаад надад танилцуулахгүй байгаа юм. Танилцаад нотлох баримтаа өгье гэхээр тийм боломж огт олгохгүй шууд маргааш нь яллах дүгнэлт үйлдэж байна. Улс төр орсон цагт хууль үйлчилдэггүйг би өөрийн биеэр нотолчихоод байна.

-Хуулийн байгууллага улстөрчдийн гар хөл боллоо гэдэгт та санал нэгдэх үү?

-Сүүлийн хоёр жил арай л хэтэрлээ. Хуулийн байгууллагын доод, дунд шатны алба хаагчид даргынхаа өгсөн хууль бус тушаалыг биелүүлж байна. Би хуульд захирагдана гэж хэлж чаддаг байх ёстой. Камерынхаа ард нуугдаад “Дээрээс чиглэл өгөөд байна. Та улс төрийн хүрээндээ учраа олчихооч” гэдэг зүйлийг л хэлдэг.

-Та Хан-Уул дүүрэгт нэр дэвших үү эсвэл Ц.Нямдорж сайдыг дагах уу?

-Ц.Нямдорж сайд Хан-Уул дүүрэгтээ өрсөлдөнө. Тэр хүн өөр хаашаа зугатаах юм. Хаана өрсөлдөх нь 16-нд тодорхой болно.

-Та энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж чадахгүй юм биш үү. Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэж заасан байгаа. 

-Шүүх шударга ажиллах байх гэж горьдсон хэвээр байна. Энэ нь магадгүй миний дахин нэг тэнэглэл байж магадгүй. Энэ хэргийг шүүхэд заавал хуульч байх шаардлагагүй. Бичиг үсэг тайлагдсан ямар ч хүн ойлгоно. Хоёр хууль, гурван журмын заалт л байгаа.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!