Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.01/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 3,25 сая халдварын тохиолдол илэрсэн. 233 мянган хүн нас барж, нэг сая хүн эдгэрсэн байна. Одоо дэлхийд нийт 1.9 сая хүн эмчлүүлж байгаа юм. Төв Азийн Тажикистан, Коморын аралд анхны халдвар илэрчээ.
Өчигдөр /2020.04.30/ 20.40 цаг орчим Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгийн онгоцоор долоон улсаас 278 монгол иргэн эх орондоо ирсэн. Тэднийг 21 хоног тусгаарлана. Шинжилгээний эхний хариу нь маргааш гарах юм. Тавдугаар сарын 02-нд Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ. Гадаадаас ирсэн бүх иргэнийг байнгын хяналтад байлгана. Тэднээс таван хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн, ХӨСҮТ-д тусгаарлажээ. Маш анхааралтай байхгүй бол дотоодод халдварын эрсдэл гарах боломж байгааг анхаарууллаа. Цаашдаа эрүүл мэндийн байгууллагын боломжоос давж хүн авчраад байвал эмнэлгийг байгууллагууд ачааллаа даахгүй эрсдэлд орно гэдгийг тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Мөн АНУ, Орос иргэдээ гадаадаас татан авахгүй байгааг анхааруулав.