2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРМонголЗөвлөлтийн дайчдын дурсгалыг хүндэтгэв

Зөвлөлтийн дайчдын дурсгалыг хүндэтгэв

Эх орны дайны ялалтын 78 жилийн ойг тохиолдуулан Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө болон ЗХУ-ын гарамгай жанжин маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх, хүндэтгэлийн арга хэмжээ 2023 оны тавдугаар сарын 9-ний өдөр болов.

Тус ёслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга С.Ганбямба тэргүүтэй зэвсэгт хүчний төлөөлөгчид, Орос-Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Х.Хэрлэн, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн ерөнхийлөгч, БНМАУ болон ЗХУ-ын Баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, мөн Беларусь, Казахстан улсын дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл оролцов.

“Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газарт галтай цуг дархлав” хэмээн Зөвлөлтийн дайчдын хөшөөнд сийлсэн байдаг.

Ялалтын баярыг тэмдэглэх хүрээнд тавдугаар сарын 7-нд “Үхэшгүй мөнхийн хороо” буюу “Бессмертный полк” жагсаал Монгол Улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдлаа. “Дэлхийн улс түмнийг фашизмын боолчлолоос аврах ариун дайнд амиа өргөсөн, түүнд оролцож явсан ахмад дайчдынхаа гавьяаг мөнхжүүлэх зорилгоор ОХУ-д анх зохион байгуулсан иргэдийн эх оронч хөдөлгөөн хүрээгээ тэлж дэлхийн олон оронд жил бүрийн тавдугаар сарын 9-нд болдог Ялалтын баярыг тохиолдуулан зохиогдож иржээ” хэмээн хурандаа Г. Нямдорж онцлов.

Жагсаалд Монгол Улсад аж төрдөг орос иргэд болон Эх орны болон Халхын гол, Чөлөөлөх дайнд оролцсон өвгөдийнхөө гэрэл зургийг барьсан монголчууд нэгдсэн байна.

1941-1944 онд Ленинградын Цэргийн хүн эмнэлгийн академид суралцаж, Ленинград хотын баатарлаг бэхлэлтэд оролцож явсан цэргийн эмч Лувсангийн Шаравдоржийн хөргийг барин алхах ач хүүтэй нь цөөн хором хууч хөөрөв. Өвөө нь пулемётчины түр курс төгсөж галын шугамд үүрэг гүйцэтгэж байсан, эх орондоо буцаж ирээд 1945 оны Чөлөөлөх дайны үеэр хээрийн госпитальд олон арван дайчдыг эмчилж явсан хэмээн тэрбээр өвөөгөө бахархан дурсах ажээ.

Одон медаль дүүрэн хантааз өмссөн залуухан бүсгүйтэй уулзав. Аав нь О.Жигжидсүрэн гэж 1939, 1945 оны дайны фронтод ар талын албыг залгуулж явсан ахмад дайчин байжээ. Ялалтын баяраар аавыгаа дурсаж малгай, хантаазыг нь өмсөж ирсэн аж.

Жагсаалыг зохион байгуулагч “Новороссия-Андууд” ТББ-ын тэргүүн Б.Батболд хэлэхдээ “Баянзүрх дүүргийн төр захиргааны байгууллагад хандаж зөвшөөрлийг нь авснаар энэ жагсаалыг зохион байгуулж байна. Их ялалтыг авчрахад монголчуудын оруулсан хувь нэмэр их. Тэр гавьяаг бид байнга дурсаж, хүндэтгэж байх үүрэгтэй хүмүүс” хэмээн онцлов.

Жагсаалыг дэмжиж тэтгэвэртээ гарсан ахмадууд цөөнгүй ирсэн харагдана. Эрдэнэтээс бэлтгэл хурандаа Б.Болдбаатар 12 дугаар ангид сурдаг хүү Б.Тэнгисийн хамт хүрэлцэн ирсэн байна. Хүү нь ялалтын баярыг угтаж зарласан Цэрэг, эх орны сэдэвт дууны уралдаанд тэргүүн байр эзэлсэн тул нийслэлд уригдаж Жуковын талбайд болсон урлагийн тоглолтод ая дуугаа өргөж, мөн шагналаа гардаж авлаа.

“Үхэшгүй мөнхийн хороо” жагсаалд оролцсон хүмүүстэй уулзаж явахад бид дайны цагт ч, энх цагт ч оросын ард түмэнтэй 70 жил тосоо гартал тэврэлдэж явсан түүхтэй. Он жил, цаг хугацаа өнгөрсөн ч нэг л зангаараа байх сайхан” хэмээн хурандаа Г.Нямдорж хэлэв.

С.ПАЛАМ

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!